1980-аад оны дундуур осолдсон Чернобылийн цөмийн цахилгаан станц сүүлийн үед олон улсын аялал жуулчлалын нэг төв болоод байгаа.
Тэгвэл одооноос эхлэн жуулчид уг гамшгийн эхлэлийг тавьсан станцын хяналтын өрөөнд нэвтрэх боломжтой болжээ.
Алдарт дөрөвдүгээр реакторын бүсэд нэвтэрч, хяналтын өрөөг үзэхийн тулд жуулчид тусгай хамгаалалтын хувцас, баг зэргийг өмсөх ёстойг Чернобыль Тур компани мэдээлсэн байна. Жуулчид хяналтын өрөөг богино хугацаанд үзэж сонирхох бөгөөд буцаж ирснийхээ дараа цацраг идэвхийн хэмжилт хийлгэх үүрэгтэй гэнэ.
Украины шинэ ерөнхийлөгч Володимир Зеленский долдугаар сард Чернобылийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зарлиг гаргасан юм. “Украины газар нутгийн энэ хэсэгт бид шинэ амьдрал эхлүүлэх ёстой. Өнөөдрийг хүртэл Чернобыль Украины сөрөг брэнд болж ирсэн. Харин одоо өөрчлөх цаг болжээ” гэж тухайн үед Зеленский хэлж байв.
Чернобылийн шинэ металл бүрхүүлийг нээх ажиллагааны үеэр Зеленский зарлигаа танилцуулж байжээ.
36,000 тонн жинтэй, 108 метр өндөр уг байгууламжийг станцаас ялгарч байгаа цацраг идэвхит туяаг хаах зорилгоор байгуулсан юм. Байгууламжийг босгох 1.5 тэрбум еврогийн зардлыг дэлхийн 45 улсын хандиваар бүрдүүлсэн байна.
Цацраг идэвхит туяаны хамгаалалтын бүрхүүл нь байгалийн ямар ч үзэгдэлд тэсвэртэй, зуун жил ашиглагдана гэж төслийг санхүүжүүлсэн Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк мэдээлжээ.
1986 оны ослын дараа Чернобыль орчмын 2,500 км.кв талбайг хаалттай бүс болгож байсан бол 2011 оноос хүрээг нь хумьж, ихэнх хэсэгт нь аялагчид чөлөөтэй зорчих болсон байна.
Чернобылийг зорих жуулчдын тоо өнгөрсөн хавар зах зээлд гарсан HBO сувгийн “Чернобыль” цувралын дараа эрчимтэй нэмэгдсэн гэдэг.
Эх сурвалж: CNN