УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хууль бус наймааны асуудалд холбогдсон дипломат ажилтнуудын асуудлыг сөхсөн. Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд оролцохдоо дээрх асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрээр “2009 оноос өмнө хууль бус наймааны хэрэгт холбогдсон дипломатуудаас дахин энэ албанд томилоогүй. Дипломат ажилтны сахилгын тусгай дүрмийг шинэчлэн батлуулж, дипломат болон үйлчилгээ, техникийн ажилтан, тэдгээрийн гэр бүлийн гишүүд дипломат эрхээ урвуулан ашиглаж тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эмийн хууль бус наймаанд оролцсон тухай гадаадын эрх бүхий байгууллагаас яам, дипломат төлөөлөгчийн газарт мэдэгдсэн тохиолдолд халах, учирсан бүх хохирлыг нөхөн төлүүлэх зохицуулалтыг бий болгосон. Энэ дүрмийг Засгийн газар баталсан. Яагаад ийм дүрэмтэй болох шаардлага гарсан бэ гэхээр, өмнө нь ийм мэдээлэл ирсэн ч нотлох хүртэл нь хугацаа алддаг байсан. Шинэчлэн баталсан сахилгын дүрмийг өнгөрсөн зургадугаар сараас хойш хэрэгжүүлэн ажиллаж байна.
Польш улсын цагдаагийн газраас эрэн сурвалжилж байгаа 69 иргэний мэдээллийг ЦЕГ-т өнгөрсөн зургадугаар сард хүргүүлсэн. Шалгалтын ажил үргэлжилж багаа. ЦЕГ Интерполын шугамаар, прокурорын байгууллага эрх зүйн туслалцааны гэрээний хүрээнд мэдээлэл авахаар айлын талын холбогдох байгууллагуудад хандчихсан байгаа. Польшийн цагдаагийн газрын цахим хуудсанд эдгээр 69 иргэний 43-ыг нь одоо хүртэл эрэн сурвалжилж байгаа тухай мэдээлэл гарсан. Эдгээр хүмүүсийг буруугүй гэдгээ хууль, шүүхийн байгууллагаар нотлуултал төрийн албанаас чөлөөлөх саналыг Засгийн газарт тавьж байгаа” гэлээ.