Спортоор хичээллэх үед хамгийн их тулгардаг асуудал бол гар хуруу тулах асуудал байдаг. Бид ч тэр үед сурсан зангаараа “Хуруу тулчихлаа, татаарай хөгшөөн” гээд өөртөө хамгийн ойр байгаа нэгнээр гэмтсэн гар хуруугаа татуулдаг. Гэвч ийм арга хэмжээ авах нь байдлыг улам дордуулдаг гэдгийг та мэдэх үү? Гар тань хугарсан, зөөлөн эдийн гэмтэл авсан эсэхийг нь мэдэлгүйгээр гар хуруугаа татуулж түлхүүлсний улмаас нөхцөл байдал улам хүндрэх аюултай.
Волейболын тамирчдын хувьд хуруу тулах үзэгдэл их тохиолдох бөгөөд энэ төрлийн гэмтэл голдуу хаалт тавих ажиллагааны үед гардаг. Хурдтай ирж яваа бөмбөг гар хуруу руу ирж цохиход хурууны үе буруу чиглэлд орж, холбоос шөрмөснүүд сунах, тасрах аюултай. Бүр ноцтой хэмжээнд гэмтсэн тохиолдолд гар хурууны үе мултарч, өөр байрлалд ордог.
Хуруу тулсан тохиолдолд мөсөөр жин тавьж, бусад хуруунуудтай нь хамт боох аргаар эмчилнэ. Ингэснээр тамирчин дахин тоглолтод орох боломжтой болдог. Харин өвчнийг сэдрээхгүйн тулд боолтоо 2-3 долоо хоног үргэлжлүүлэн байлгах хэрэгтэй.
Хориглох зүйлс:
- Хуруугаа тулгасан үед хурууг огцом татах эсвэл түлхэх үйлдэл хийснээр бэртлийг улам хүндрүүлэх аюултай учир эдгээр аргыг турших хэрэггүй. Мөн шөрмөс татсан тохиолдолд хүйтэн усанд орж, элдэв хөдөлгөөн, иллэг зэргийг хийхгүй байх хэрэгтэй.
- Хуруу тулсан, шөрмөс татсан үед бэртэлтэй хэсгийг хөдөлгөөнгүй байлгах хэрэгтэй.
- Хуруу тулсан, шөрмөс татсан байж болзошгүй үед тухайн хэсгийн өвдөлт болон хавдалтын байдлыг сайтар ажиглаж, яс хугарсан эсэхийг шалгаж үзээрэй. Яс хугарсан тохиолдолд анхны тусламж үзүүлж, яаралтай эмнэлэгт хандана уу.
- Бэртсэн хэсэг хавдалт ихтэй, өвчин нь намдахгүй, битүү цус алдсан юм шиг санагдвал шөрмөс татсан, эсвэл тулсан байх магадлалтай тул яаралтай эмнэлгийн байгууллагад хандана уу.
- Өвчтэй хэсэгт хүйтэн даавуу, мөсөөр жин тавьж, тулгасан хуруунд чиг тавьж боогоод эмнэлэгт хандаарай.
Гар хуруу тулах гэмтлийг үл тоосноор үений бүтцэд өөрчлөлт орж, хагалгаанд орох хүртэл хүндэрдэг тул бэртэлтэй хэсэгт хүйтэн жин тавьж, чиг тавьж боогоод яаралтай эмнэлгийн байгууллагад хандаарай.
Эх сурвалж: YOLO.MN