Ардыг гэгээрүүлэх яам нэртэйгээр анх байгуулагдсан боловсролын салбарын 95 жилийн ой энэ онд тохиож, багш нарт чиглэсэн олон ажлууд хийгдэж байна. Үүний нэг нь Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам, “Боловсрол”телевизийн хамтран хэрэгжүүлж буй “Би багш” төсөл нэвтрүүлэг юм. Өнгөрөгч 4-р сард зохион байгуулагдсан Монголын багш нарын VII их хурлын үеэр төслийн удирдамжийг танилцуулсан бөгөөд 2 шатны шалгаруулалт орон даяар зохион байгуулагдсан юм.
Төслийн эхний шатанд багш нар “Миний хэрэгжүүлсэн бичил төсөл” ерөнхий сэдвээр 2 минутын видео бичлэг хийж илгээсэн бөгөөд аймаг, дүүрэг тус бүрт 3 багш, нийт 90 багшийг шалгаруулсан. Харин дараагийн шатыг Завхан, Өвөрхангай, Орхон, Хэнтий аймаг, Улаанбаатар хот гэсэн 5 бүсэд хуваарилан зохион байгуулж, мэргэжилтэн, уран бүтээлчдийн баг очиж шалгаруулснаас нэвтрүүлэгт оролцох шилдэг 30 багш тодроод байна.
Төслийн хүрээнд нийт 24 дугаар нэвтрүүлэг бэлтгэн үзэгчдэд хүргэх юм. Дугаар бүрт багш нар тодорхой сэдвийн хүрээнд салбартаа манлайлагч эрхмүүдийн мастеркласс сургалтад хамрагдаж, олон талын ур чадвар сорьсон сонирхолтой даалгавруудыг гүйцэтгэнэ. Ийнхүү өрсөлдсөөр финалын шатанд шилдэг 4 багш үлдэх бөгөөд шүүгчдийн үнэлгээ, олон нийтийн санал асуулгаар шилдгийн шилдэг болон шалгарсан цорын ганц ялагч зуун сая төгрөгийн мөнгөн шагналын эзэн болохоос гадна АНЭУ-ын Дубай хотноо жил бүр зохион байгуулагддаг Дэлхийн багш нарын ур чадварын уралдаанд улсаа төлөөлөн оролцох эрхийг авах юм.
Үзэгчид, тэр дундаа бага боловсролын багш, сурагч, эцэг эх гээд хэн бүхэн хамтдаа бүхий л талаар суралцаж, хөгжихөд туслах “Би багш” нэвтрүүлгийн эхний дугаар 10-р сарын 5-нд буюу багш нарын баярын өдөр үзэгчдийн хүртээл болно.