ЦЕГ-ын Санхүү, аж ахуйн албаны түүхт 80 жилийн ой энэ сарын 04-ний өдөр тохионо. Ойн хүрээнд тус албанынхан баяр наадам гэхээсээ илүүтэй нийгмийн хариуцлагын хүрээнд алба хаагч, ажилтан, тэдний үр хүүхэд, ахмад настнуудад чиглэсэн “Бүтээлч 80 ажил” аяныг эхлүүлээд байгаа юм.
Түүний нэг болох Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах “Ахмад настны үндэсний төв”-ийн зан үйлийн өрөөг Санхүү, аж ахуйн албаны “Сүүж-Уул” амралт, сэргээн засах сувиллын хамт олон өөрсдийн нөөц бололцоогоор тохижуулж засварлан хүлээлгэн өглөө.
Санхүү, аж ахуйн албаны Хангамжийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа С.Баасанжав:
Манай Санхүү аж ахуйн албаны түүхт 80 жилийн ой тохиох гэж байна. Бид ойн арга хэмжээний хүрээнд “Бүтээлч 80 ажил” аяныг өрнүүлж байгаа бөгөөд хичээлийн шинэ жилийг тохиолдуулан өрх толгойлсон олон хүүхэдтэй ажилчидынхаа хүүхдүүдэд хичээлийн иж бүрэн хэрэгслийг гардуулсан. Тэгвэл өнөөдөр ийнхүү Ахмад настны үндэсний төвийн Зан үйлийн өрөөг Санхүү, аж ахуйн албаны Ц.Батбаатар даргатай “Сүүж-Уул” амралт, сэргээн засах сувиллын хамт олон өөрсдийн боломж бололцоогоо тохижуулан хүлээлгэн өгч байна. Үүнээс гадна бид үе үеийн албан хаагчиддаа зориулсан баримтат кино, номыг бүтээж байгаа. Албанаас хийж хэрэгжүүлж байгаа нийгэмд чиглэсэн ажил энэ хүрээд зогсохгүй цаашид ч мөн үргэлжилсээр байх болно.
Ахмад настны үндэсний төвийн нийгмийн ажилтан С.Гантулга:
ЦЕГ-ын Санхүү аж ахуйн албаны хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд манай байгууллагын Зан үйлийн өрөөг тохижуулж өгсөнд бидний хувьд болон манай ахмадууд их баяртай байгаа. Зан үйлийн өрөөний хувьд хуучирч муудсан, дээрээсээ ус алдсан ер нь хүндрэлтэй нөхцөлтэй байсан. Харин ЦЕГ-ын “Сүүж-Уул” амралт, сэргээн засах сувиллын хамт олон өөрсдийн хүчээр засварлаж, өнөөдөр хүлээлгэн өгч байна. Ахмадуудын хувьд шашны зан үйлтэй холбогдуулан “Зан үйлийн өрөө”-нд байнга л орж байдаг. Ийм сайхан дулаахан тохилог өрөөтэй болгож өгсөн нийт хамт олонд талархал илэрхийлье. Мөн удахгүй болох түүхт 80 жилийн ойн мэндийг дэвшүүлье.
“Өнчин ядуусыг тэтгэх газар” нэртэйгээр 1925 онд анх байгуулагдаж байсан улсын анхны асрамжийн өнөөдөр төвд харж хандах хүнгүй, бусдын асаргаанд байх шаардлагатай 160 гаруй ахмад байгаагаас 30 гаруй хувь нь хэвтэрт, байнгын асаргаатай, хамгийн өндөр настай нь 96 настай үйлчлүүлэгч байна.