Ерөнхийлөгч Д.Трампын хувийн өмгөөлөгч Рудольф Жулиани мөн Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео болон Ерөнхий прокурор Виллиам Барр нарыг Трампын эсрэг үүссэн дуулианд холбогдуулан шалгуулах шийдвэрийг АНУ-ын Төлөөлөгчдийн танхим гаргалаа.
Өмгөөлөгч Рудольф Жулианийг Төлөөлөгчдийн танхимын гурван хороо Д.Трампыг төлөөлж Украины асуудлыг хариуцан ажиллаж байсан гэж үзжээ. Харин Майкл Помпеог эх сурвалж долоодугаар сарын 25-нд АНУ, Украины Төрийн тэргүүн нарын утсаар ярихыг сонсож байсан хүний нэг хэмээн мэдээлжээ.
Украины Ерөнхийлөгчтэй ярьсан утасны энэ яриа Дональд Трампыг хариуцлагад татах, буруутгах шалгах үндэслэл болоод байгаа билээ.
Мөн 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ-ыг хөндлөнгөөс оролцсон эсэхийг шалгах явцад АНУ-ын Ерөнхий прокурор Виллиам Барр бусад улс орноос туслалцаа хүсэхийг Дональд Трампт зөвлөсөн гэдэг нь тогтоогдоод байгаа аж. “New York Times”, “Washington Post” сонинууд гэхэд Дональд Трамп уг мөрдөн шалгалтын явцад Виллиам Баррт туслалцаа үзүүлэхийг Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисоноос хүссэн талаар нийтлээд байна.