Нийгмийн сүлжээний хэрэглэгчид нэмэгдэхийн хэрээр дагаад гэмт хэрэг зөрчлийн тоо буурахгүй байгааг мэргэжлийн байгууллагууд сануулж байгаа. Монгол Улсын нийгмийн сүлжээ идэвхтэй хэрэглэгчдийн тоо 2017 онд 1.7 сая байсан бол 2018 онд 2.1 сая болон нэмэгдэж, 2019 оны хагас жилийн байдлаар ойролцоогоор 2.2 саяд хүрчээ.
Энэ нь дунджаар 17.5 хувиар өссөн үзүүүлэлт гэж Цагдаагийн байгууллага өчигдөр мэдэгдэв. Нийт хэрэглэгчдийн 51.7 хувь нь 20 хүртэлх насны хүүхэд, залуус. Тэдний 92 хувь нь зөвхөн фэйсбүүкийн хэрэглэгчид байгаа аж.
Энэ нь хүүхэд залуучууд зохисгүй контент үзэх, дэлгэцийн хамааралтай болох, хүчирхийллийн хохирогч болох эрсдэлтэй тулж байгааг мөн хуулийн байгууллагынхан анхааруулж байна. Манай сурвалжлах баг өсвөр насныхан болон оюутнууд нийгмийн сүлжээнд хэрхэн ханддаг болохыг тандах, мөн нийгмийн сүлжээний нөлөө, хамаарал залуучуудад хэрхэн нөлөөлдөг болохыг харуулах зорилгоор УБИС орчимд сурвалжлага хийж, цөөнгүй оюутантай уулзаж ярилцлаа.
Хэд хэдэн хүнтэй чатаар харьцаж уулзсан, зурагнаасаа шал өөр хүмүүс байсан
МУБИС-ийн 3-р курсийн оюутан эмэгтэй Э: Би таван жилийн өмнөөс фэйсбүүкийн хэрэглэгч болсон. Анхандаа хөдөөний хүүхэд болохоор ээж, хамаатнууд арван жилийнхэнтэйгээ найз байж цөөхөн хэдхэн найзтай чатаар юм бичдэг л байсан. Хамгийн сонирхолтой нь шүтдэг дуучин жүжигчдийнхээ зургийг харж бичлэг үзэх нь сайхан санагддаг байнга утсаа оролддог хүүхэд байсан.
Хотод оюутан болж орж ирээд оюутан ангийхан багш сургуулийханаас гээд бүр олон найзтай болж эхлэсэн. Сүүлдээ янз бүрийн хүмүүсээс найзын хүсэлт ирнэ. “Танилцая” гэсэн зурвасууд их ирдэг болсон. Огт танихгүй хүмүүс тэгж их бичдэг. Чатаар танилцсан олон хүмүүс байдаг юм билээ. Хүмүүс профайл зураг буюу нүүр зураг нь таалагдвал л чат бичдэг гэж би ойлгодог.
Фэйсбүүктээ эхнэртэйгээ авахуулсан зургаа хийсэн ах нар санхүү мөнгөн туслалцаа үзүүлнэ гэх мэтээр их бичдэг. Энэ ганцхан надад ч биш миний найз нарт ч иймэрхүү чат ирдэг гэсэн. Би хэд хэдэн хүнтэй чатаар харьцаж байгаад уулзаж үзсэн. Зурагнаасаа шал өөр хүмүүс байдаг. Тэгээд л блок хийгээд орхичихдог. Ер нь ийм маягаар фэйсбүүк хэрэглэдэг охидууд их юм билээ. Сенсацитай мэдээллүүд гарвал л уншдаг болохоос нэг их мэдээлэл авах гэж ашиглаад байдаггүй чат л бичсээр байгаад таардаг.
Фэйсбүүкээс нүүр будах, хувцаслах зэрэг мэдээлэл, бичлэгүүдийг үздэг
ШУТИС-ийн 1-р курсийн оюутан эмэгтэй Т: Би Баян-Өлгий аймгаас ирсэн. Хотод ирээд удаагүй байгаа болохоор хоттой танилцаж л эхлэж байна. Заримдаа монгол үгнүүдээс ойлгодоггүй жаахан хүнд байдаг. Казак найзуудтайгаа л фэйсбүүк найз. Бид нар казакаар яриад ойлголцчихдог болохоор тэгж их олон хүнтэй чатлаад байдаггүй.
Фэйсбүүкээс одуудын хаягийн дагагч болж зургуудыг нь хардаг. Нүүр будах, хувцаслах зэрэг мэдээлэл, бичлэгүүд их үздэг. Сарын өмнө оюутан болж орж ирээд түгжрэл л маш хэцүү санагдсан. Хот их халуун, автобус нь олон хүнтэй, муухай үнэртэй, муухай харьцана, хулгайч олонтой гээд дасахад хэцүү байсан. Ирээд удаагүй утсаа алдаж үзсэн. Хотынхон хөдөөнөөс ирсэн хүнийг сайн мэддэг байх.
Казах хүмүүс нэг их уурлаад байдаггүй, тайван, чимээгүй хүмүүс. Нүдээ том болгож гайхмаар олон юм хараад дотроо дуугүй бодоод л өнгөрөөдөг. Хот их ширүүн газар байна лээ. Машинууд хоорондоо мөргөлдөөд, хүн шүргэж гэмтээгээд л, дандаа хараал хэлдэг хүмүүс их таардаг. Бас манай сургуулийн ихэнхи эмэгтэй оюутнууд тамхи татдаг. Их муухай харагддаг. Шинэ оюутныг жаахан дээрэлхэж харьцах гээд байдаг.
Гоё хувцасласан охин намайг манай найзуудыг хамт явж байхад шоолж инээлддэг. Удахгүй дасаад хотыг сайн мэддэг болох байх. Хүссэн сургуулиа хүссэн мэргэжлийнхээ хуваарийг авч ирсэн учраас сайн сураад нутагтаа ажиллана гэж боддог.
Нэг хэсэг фэйсбүүкийн идэвхитэй хэрэглэгч байсан
Этүгэн дээд сургуулийн 3-р курсийн оюутан эрэгтэй А: Интернэтэд бол тоглоом тоглох гэж л бараг ордог. Youtube, Google-ээс сайтуудын мэдээ бичлэг үздэг. Нэг хэсэг фэйсбүүкийн идэвхитэй хэрэглэгч байсан. Залуучуудын “мааз” пост оруулдаг группт дандаа пост хийдэг байсан. Тэгээд дагагч олонтой байсан хаягаа алдаад өөр хаяг нээсэн. Одоо бол тэгж идэвхитэй ороод байдаггүй. Н
айз охинтой болчихоор бас чат бичихээс бусдаар орохоо больсон. Стресстэх шалтгаан ер нь их шд. Сургуулийн төлбөр, хэрэглээний мөнгө, хувцасны мөнгө гээд өөрөө ажил хийдэггүй болохоор орлого байхгүй. Мэдээж зун барилгын цагийн ажил хийж хувцасны мөнгөө олдог. Өөрийнхөө үеийн зарим залуусыг харахаар хичээлдээ идэвхи муутай тэгсгээд л яваад байгаа харагддаг.
Хичээлдээ үүрч ирсэн цүнхэнд нь бараг дэвтэр байхгүй шахуу нэг дэвтэр дээр олон лекц биччихсэн харагддаг. Багш нар ч бараг дэвтэр шалгахаа байчихсан. Манай сургуулийн номын санд зөвхөн пиджак өмсөж, нүдний шил зүүсэн цөөн хэдэн эрэгтэй л сууж харагддаг бусад нь дандаа охидууд. Тэд нар нүүрээ будаад л, залгууртай газар бараадаж утсаа ухаж суугаа л харагддаг. Бидний үеийхэн бас нэгэн үеийн төлөөлөл, боловсон хүчнүүд атлаа энэ үүрэг хариуцлагаа ухамсарлахгүй байх шиг санагддаг.
Байр асууж чатаар холбогдсон ах нар надтай тохироод хамтдаа байя гэх бэлгийн дарамт үзүүлдэг
Зохиомж дээд сургуулийн 4-р курсийн оюутан эмэгтэй Ч: Цахим орчны тухай хүн бүр өөр өөрийнхөөрөө бодож өөрсдийнхөөрөө хэрэглэдэг байх. Нэгэнт энэ талаар санал бодлоо хэлж байгаа нэг дээр өөртөө тохиолдсон зүйлээ яримаар байна. Хөдөөний оюутнууд тэгээд 3-аас дээш курсийнхэн дотуур байр авдаггүй, айлд суух боломжгүй хүмүүс нь найз нөхдөөрөө нийлээд аль болох хямд нийтийн байр, халаасны өрөө, подвольд л амьдардаг.
Намрын намарт хичээл эхлэхээс өмнө хотод ирж байраа хайх гэж бараг 7-10 өдөр болдог. Найман сарын сүүл яг нийтийн байрны эрэлттэй сар. Фэйсбүүкийн “Нийтийн байр түрээслүүлнэ” гэсэн зарын группүүдээс зар уншаад чат бичихээр ирээд уулз гэдэг. Ганц бие амьдардаг эсвэл илүү байртай ах нар байраа түрээслэдэг ба тэр зараа “Unegvi.mn” зарын нэгдсэн сайтруу биш зөвхөн сошиалд оруулдаг юм билээ.
Гайгүй зүс царайтай ганц нэгээрээ байр хайж байгаа охидод байраа боломжийн үнээр түрээслүүлнэ гэж зар оруулдаг. Би хэд хэдэн хүнтэй очиж уулзаж үзсэн. Нэг ах бүр гэр орон цэвэрлэж, хоол унд хийгээд, үгээр байвал төлбөр авахгүй, залуу хүмүүс юм чинь нийлээд тэгээд болно шд гэж хэлж байсан.
Дараа нь тэр байр асууж чатаар холбогдсон хүмүүс, ах нараас чат ирнэ уулзая гэнэ, бараг шууд надтай тохироод хамтдаа байя гэх бэлгийн дарамт үзүүлдэг юм билээ. Тийм чатуудыг нь скрээн шот хийж хадгалаад цагдаад өгье гэж бодсон ч ичээд устгачихсан. Энэ мэтээр хичнээн охид ийм асуудалд орсоныг хэлж мэдэхгүй шүү дээ. Энэ бараг нэг төрлийн гэмт хэрэг биз дээ.
Т.ПАГМА