Хан-Уул дүүргийн прокурорын газар “Мансуурах” зөрчлийн гаралт, шийдвэрлэлт, шалтгаан нөхцлийг 2018 он, 2019 оны эхний хагас жилийн байдлаар дүүргийнхээ хэмжээнд судалсан байна. Тус дүүргийн прокурорын газар 2018, 2019 оны эхний хагас жилд нийт 35 хүнийг Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан мансуурах зөрчилд холбогдуулан шалгаж, шүүхээс баривчлах шийтгэл оногдуулжээ.
Зөрчилд холбогдогчдын дийлэнх хувийг мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй 20-25 насны залуус эзэлж байгаа бөгөөд хэрэглэсэн мансууруулах бодисыг нь судалж үзэхэд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисуудаас гадна ахуйн хэрэглээний хийн газ, будаг шингэлэгч зэргийг үнэрлэж мансуурсан байсан байна. Мөн судалгаагаар дээрх төрлийн зөрчил Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутагт хамгийн их гарсан гэсэн дүн гарчээ.