Амралтын өдрүүдээр болсон эсэргүүцлийн ажиллагааны үеэр Хонконгийн цагдаа нар 100 гаруй жагсагчийг саатууллаа гэж South China Morning Post мэдээлэв. Эрх баригчдын хоригийг үл харгалзан энэ өдрүүдэд олон мянган иргэн Засгийн газрын эсрэг үйл ажиллагаанд нэгдээд байгаа юм.
Тэд өчигдөр Адмиралтти дахь Хонконгийн засаг захиргааны барилгад халдах гэж оролдсоны улмаас мөргөлдөөн гарсан байна. Жагсагчид тоосго, Молотовын коктейль ашиглаж байсан бол цагдаа нар усны их буу, нулимс асгаруулагч хий, резинэн сум ашиглажээ. Үүний улмаас 100 гаруй хүнийг саатуулж, 25 орчим хүн шархдаад байна.
Хонконгийн жагсагчид аравдугаар сарын 1-нд тохиох БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойгоор илүү өргөн хэмжээний жагсаалд бэлдэж байгаа гэж сонин онцоллоо.
2014 оны “Шүхрийн хувьсгал” -ыг сануулахаар цугласан бямба гарагийн жагсаалд 300 мянга орчим хүн жагсаалд оролцсон гэсэн мэдээлэл байна.