Тамсагийн сав газраас оргилсон газрын тосоор Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат дээлийнхээ энгэрийг мялааж байлаа. Түүнээс хойш 23 жил өнгөрсөн ч монголчууд шатахууны хэрэглээгээрээ хөршөөсөө хараат хэвээр. Шатахууны үнэ өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хэд байхыг ч захирсан хэвээрээ. Товчхондоо өнөөдөр монголчууд халаасандаа хэдэн төгрөгтэй байх нь импортын шатахууны үнээс шалтгаалж буй. Харин удахгүй газрын тос боловсруулах үйлдвэртэй болж, энэ байдал өөрчлөгдөх нь гэсэн итгэлийн салхи жилийн өмнөөс сэвэлзэж эхэлсэн.

Дорноговь аймгийн Алтанширээ суманд тавьсан газрын тос боловсруулах үйлдвэрийн шав бодит ажил болж байна. Сайншандаас 27 км төмөр зам тавьж өнгөрсөн наймдугаар сард ашиглалтад оруулсан. Жилийн өмнө эзгүй талд шан татаж байсан бол наймхан сарын дотор олон улсын жишгээс гурав дахин хямд өртгөөр монголчууд өөрсдөө төмөр замаа барьсан нь энэ. Энэхүү төмөр замаар үйлдвэрийн хүнд тоног төхөөрөмжүүд, барилгын материалуудыг зөөх юм. Гэхдээ газрын тос боловсруулах үйлдвэртэй болох нь гэж баярлахад арай эрт байна. Үйлдвэр ашиглалтад орох тэр цагт л баярлацгаая. Учир нь, манай улстөрчид Монгол Улсын ирээдүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах томоохон төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөдөг, бүр ажлыг нь эхлүүлдэг ч тэгсхийгээд мартагддаг. Ийм жишээ олон бий. Улаанбаатар хотын метро, Сайншандын аж үйлдвэрийн парк, тавдугаар цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станц, Тавантолгойн цахилгаан станц, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам гэх мэтээр мега төсөл хэмээх гоё нэртэй бүтэлгүйтсэн төслүүдийн жагсаалт хөвөрнө. “Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл эдгээр төслийн араас орно” гэсэн болгоомжлол, хардлага бий. Ингэхээс ч аргагүй, өмнө нь таван ч удаа газрын тос боловсруулах үйлдвэрийн шав тавиад орхисон түүхтэй.

Харин одоо Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг гацаах эрхгүй болж байна. Учир нь, Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар манай улсад дахин нэг удаа итгэж өмнөх нэг тэрбум ам.доллар дээрээ нэмж 236 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл өгөхөөр болов. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Бүгд найрамдах Энэтхэг улсад айлчлах үеэр тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди газрын тос боловсруулах үйлдвэрийн санхүүжилтэд нэмэлтээр шаардлагатай болсон 236 сая ам.долларыг олгох шийдвэр гаргаснаа зарласан.

Гацааж болохгүй ганц төсөл

Бүгд найрамдах Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди 2015 онд Монгол Улсад айлчлах үеэрээ Монгол Улсад нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоо анх мэдэгдсэн. Манай улс энэхүү зээлийн санхүүжилтээр газрын тос боловсруулах үйлдвэр барихаар шийдвэрлэсэн юм. Гэвч ТЭЗҮ-ээ боловсруулах явцад нэмэлт санхүүжилт шаардлагатай болсон. ТЭЗҮ-д тусгаснаар үйлдвэрт hydrocracking (гидрокрекинг) технологи хамгийн тохиромжтой гэж тооцоолжээ. Уг технологи нь бага зэрэг үнэтэй ч уян хатан гэдгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэр, газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Анхбаяр хэлсэн юм. Тодруулбал, аль бүтээгдэхүүнийг ямар хэмжээгээр үйлдвэрлэх вэ гэдгээ тухайн цаг үед нь тохируулан өөрчлөх боломжтой технологи аж. Одоо монголчууд “Евро 5” стандартын шатахуун хэрэглэж байгаа. Цаашид техник технологийн хөгжлөө дагаад монголчуудын хэрэглээний стандарт шинэчлэгдэх нь ойлгомжтой. Тэр үед хэрэглэгчдийнхээ эрэлтэд нийцүүлэн технологийн горимоо өөрчлөх давуу талтай гэсэн үг. Ийм учраас газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт нэг тэрбум ам.доллартаа багтахааргүй болжээ. Ойрын хэдхэн жилдээ л ашиглах бус ирээдүйд ч ажилласаар байх үйлдвэртэй болох хүсэлтийг Энэтхэг улс хүлээн авч 236 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл өгөхөөр болж байна. Харин одоо манай улс өөрөөс шалтгаалах бүх зүйлээ хийх л үлдлээ. Хэрэв бүтэлгүйтвэл газрын тос боловсруулах үйлдвэртэй болохыг 23 жилийн турш хүлээсэн ард түмнийхээ итгэлийг алдана. Мөн эртнээс оюун санааны хөрш гэгдэж ирсэн Бүгд найрамдах Энэтхэг улсын итгэлийг ч алдана. Тиймээс гацаах эрхгүй ганц төсөл энэ болоод байна.

Эх сурвалж: Eagle.mn

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн