Боловсрол

Өндөр гэгээний “Сарьдагийн хийд” үзэсгэлэнг толилуулж эхэллээ

Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн ордон болох нь тогтоогдсон Сарьдагийн хийдтэй холбоотой үзэсгэлэн Үндэсний музейд нээлтээ хийв.

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн үндэсний шинжилгээний анги Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байх Сарьдагийн хийдэд зургаан жилийн турш малтлага, судалгаа, шинжилгээ хийсэн байна. Үүний дүнд энэ хийд Халхын Өндөр гэгээн Занабазар 1654-1686 оны хооронд байгуулсан Рибогэжайлин ганданшадублин буюу Номын их хүрээний туурь болохыг нотолж, ховор олдвор, дурсгалуудыг нийтэд толилуулж байна. Тухайлбал Язгуурын таван бурхны цогц дурсгал болох 3000 орчим бурхан илэрсний 1000 бурхныг Өндөр гэгээний Ногоон дара эхийн хамт залжээ.

3fa53d61e91b36f06a47e4996c45e86a Өндөр гэгээний “Сарьдагийн хийд” үзэсгэлэнг толилуулж эхэллээ

Өндөр гэгээн Занабазар нь хөөмөл, шавар урлал, уран барилга, зураасан зургийн төлөөлөгч, тухайн цаг үеийнхээ улс орнуудтай харилцдаг, жинхэнэ Азийн Мекаланжело байсныг судалгааны дүн нотолсон тухай ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, академич С.Чулуун хэлэв. Сарьдагийн хийд XIII зууны Монголын төдийгүй бүс нутгийн соёл, улс төр, худалдааны томоохон төв байсныг гэрчлэх олдворууд илрээд байна. Мин Улсын үеийн шаазан цом, аяга, Юань Улсын үеийн ваар, Монголын Эзэнт гүрний үеийн сумны зэв болон бусад улсын зоос, галт буу, нарны цаг зэргийг дурдаж болох юм.

05a0e7892f1c14d124d89a1457db304a Өндөр гэгээний “Сарьдагийн хийд” үзэсгэлэнг толилуулж эхэллээ

Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцов. Тэрээр Өндөр гэгээн Занабазар нь дээдлэн хүндлэх их хүн төдийгүй дэлхий дахинд өөрийн урлаг, дэг сургууль, гоо зүй, хосгүй үнэт соёлын өв, бүтээлүүдээрээ танигдсан. Бурхны шашныг түгээн дэлгэрүүлсэн нэрт соён гэгээрүүлэгч, дорно дахины сонгодог урлагийн гоц авъяас билэгт төлөөлөгч, нөлөө бүхий улс төрийн зүтгэлтэн байсныг тэмдэглэв.

Сарьдагийн хийдийн дурсгалд 12 барилга, хоёр суварга, шороо, чулуун хэрмийн тус бүр нэг дурсгал бүртгэгдээд байна. Хийдийн барилгууд түвд загвартай боловч монголын уламжлалт уран барилгын төрөл зүйлс шингээсэн байжээ.

“Сарьдагийн хийд” үзэсгэлэнг 2019 оны 12 дугаар сарын 20 хүртэл иргэдэд толилуулна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

cafb1e72e9ea15b4d7799d6422dfa8af Өндөр гэгээний “Сарьдагийн хийд” үзэсгэлэнг толилуулж эхэллээ

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close