Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг өдгөө 21-хэн настай ч Монголын хүндийг өргөлтийн спортын түүхэнд анхны гэх тодотгол бүхий олон амжилтын эзэн боллоо.
М.Анхцэцэг насанд хүрэгчдийн ДАШТ-д 2014 онд анх удаа оролцохдоо огцом шахалтаар 107, түлхэлттэй өргөлтөөр 124 кг өргөж, X байрт шалгарсан. Улмаар Монголын хүндийг өргөлтийн амьд домог, гавьяат тамирчин Н.Баярмаагийн эзэмшиж байсан Монгол Улсын дээд амжилтыг шинэчилсэн юм.
Тэрбээр энэ жил үрийн зурай үнэрлэн, төрөөд гуравхан сарын дараа бэлтгэлдээ эргэн оржээ. Найман сартай үрээ гэртээ үлдээн, дэлхийн дэвжээнд нялх биетэй хүч сориод ДАШТ-ээс хоёр дахь хүрэл медалиа хүртсэн нь яах аргагүй бахдам амжилт билээ. Ийнхүү тэрээр Монгол Улсын дээд амжилтыг гурван удаа шинэчилэн тогтоолоо.
М.Анхцэцэгийн гаргасан томоохон амжилт
2014 он: Өсвөрийн Азийн АШТ-ээс мөнгөн медаль
2014 он: Залуучуудын Азийн АШТ-ээс хүрэл медаль
2015 он: Дэлхийн цомоос хүрэл медаль
2016 он: Залуучуудын ДАШТ-д Монголоос анх удаа түрүүлсэн
2016 он: Насанд хүрэгчдийн Азийн АШТ-д Монголоос анх удаа түрүүлсэн
2016 он: Залуучуудын Азийн аварга болсон
2016 он: Оюутны ДАШТ-д Монголоос анх удаа түрүүлсэн
2017 он: Залуучуудын Азийн АШТ-д хоёр дахиа түрүүлсэн
2017 он: Азийн танхимын болон тулааны спортын наадамд түрүүлсэн
2017 он: Насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэн, анхдагч болсон
2019 он: Насанд хүрэгчдийн Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн
2019 он: Насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хоёр дахь хүрэл медалиа авсан.