“Бүлэг-2” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Урьдчилан сэргийлэх хэлтсийн алба хаагчид хамтран Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт тодорхой цэгүүдэд зохион байгуулалттай бусдын биеийг үнэлүүлдэг, биеэ үнэлдэг, тээврийн хэрэгслээр үйлчилдэг болон дээрэмдэх гэмт хэрэг үйлддэг бүлэг этгээдүүдийг илрүүллээ.
Дээрх 18-45 насны 35 этгээдүүдэд шалгалтын ажиллагаа явуулж дээрэмдэх гурав, танхайрах нэг гэмт хэрэг, эрэн сурвалжлагдаж байсан гурван этгээдийг олж тогтоон ажиллалаа.
Уг иргэдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цаашид дахин гэмт хэрэг, зөрчил үйлдүүлэхгүй байх чиглэлээр Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс ухуулга, нөлөөллийн болон холбогдох хууль эрхзүйн сургалтыг зохион байгуулжээ.
Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН УДИРДАХ ГАЗАР