Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Цагаан гол багийн “Алтай таван богд” ууланд АНУ-ын харьяат 40 настай П /эрэгтэй/ энэ сарын 18-ны өдөр авиралт хийгээд 20-ны өдөр буцаж ирэх байсан боловч ирээгүй байгаа юм. Энэ тухай мэдээллийг аялал жуулчлалын “Алтай тоур” ХХК-ийн ажилтан К 21-ний өдрийн 22:11 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 9 алба хаагч 22-ны өдрийн 05:00 цагт “Алтай таван богд” уулыг зорьж, мөн өдрийн 17:30 цагт тус уулын “Байгаль орчны хамгаалалтын пост” гэдэг газар буюу “Бест камп” хамгаалалтын цэгт очсон байна. Өчигдрийн (2019.09.25) байдлаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаярын шийдвэрээр 09:00 цагаас “Бест камп” хамгаалалтын цэг гэдэг газраас “Ерөнхийлөгчийн-Овоо” гэдэг газар хүртэл 22 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул эрлийг түр зогсоожээ.
“Алтай таван богд” ууланд өчигдөр 19:10 цагаас эхлэн 23:00 цаг хүртэл цас орсон аж. Тус аймгийн Цагдаагийн байгууллагад Онцгой байдлын газраас тухайн иргэнийг эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулах тухай хүсэлтийг энэ сарын 23-ны өдөр хүргүүлжээ.