УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдэд цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. УИХ-ыг тараахаар МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж байгаа гэсэн мэдээллийн тухайд
Д.Тогтохсүрэн: Миний бланк дээр УИХ-ыг тараах гарын үсэг зурсан зүйл байхгүй гэдгийг хэлье. Хоёрдугаарт, гишүүд албан ёсоор гарын үсэг зурсан зүйл байхгүй. Гишүүдийн зүгээс Ард нийтийн санал асуулгатай хамт УИХ-ын ээлжит бус сонгуулийг явуулчихвал яасан юм бэ.
Энэ нь нэг талаас зардал хэмнэнэ. Нөгөө талаас УИХ-тай холбоотой шүүмжлэл их байна гэсэн зүйл ярьж байгаа. Гэхдээ албан ёсоор МАН-аас ч юм уу, УИХ дахь МАН-ын бүлгээс ч юм уу гарсан зүйл байхгүй. Албан бус мэдээллүүд яригдаад байгаа. Миний хувьд гарын үсэг зурсан асуудал байхгүй.
Мөн энэ сарын 25-ныг хүртэл гишүүдийг тойрогтоо ажиллах чиглэл УИХ-ын даргын зөвлөлөөс гарсан. Энэ дагуу гишүүд тойрогтоо ажиллалаа. УИХ-ын гишүүдийн хооронд, өрөөндөө ороод санал бодлоо солилцож байгаа ийм хэлбэрээр л ярьж байгаа болохоос манай намаас шийдвэр гаргасан зүйл огт байхгүй.
Хэрвээ 51 гишүүн үнэхээр гарын үсгээ зураад УИХ-ын даргад өргөн баривал асуудлыг хэлэлцэнэ. Улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Үндсэн хуулийн эхийг баталсан. Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолд Ерөнхийлөгч хориг тавьсан.
Тиймээс ойрын үед бүлгийн хуралдаанаар хоригийг авч хэлэлцэнэ. Хоригийг намын бүлэг хуралдаж байж шийдвэр гаргана. Би хувийн байр сууриа илэрхийлэх боломжгүй. Энэ нь улс төрийн том асуудал. Намын бүлэг хуралдсаны дараа байнгын хороо хуралдана гэлээ.