Эрүүл мэндийн яамнаас “Тэмбүүг устгая” 2 жилийн аяныг зарласан. энэ хүрээнд Сэлэнгэ аймагт “Сүрьеэ, тэмбүү өвчний тархалтыг бууруулахад шийдвэр гаргагч нарын дэмжлэг” сэдэвт үндэсний чуулган хоёр өдөр амжилттай болж өнгөрлөө.
Уг чуулганд ЭМЯ, ХӨСҮТ, ЭХЭМҮТ, НЭМҮТ болон 21 аймгийн Эрүүл мэндийн газрын дарга нар оролцож халдварт болон халдварт бус өвчний тархалтын талаар ярилцаж, санаа бодлоо хуваалцлаа.
Түүнээс гадна тус аймгийн Жавхлант сумын иргэдэд хоёр өдрийн турш эрүүл мэндийн иж бүрэн оношилгоо үзлэгийг хийлээ.Халдварт болон халдварт бус өвчнийг эрт илрүүлэх, хүн амын мэдээллийн цахим санг бүрдүүлэх цогц үзлэг оношилгоог хийлээ. Уг аяныг хоёр дахь удаагаа тус суманд зохион байгуулж байгаа юм байна.
Сэлэнгийн ард түмнээ эрүүл байлгахын төлөө ажиллаж, ирэх оны төсөвт 160 гаруй сая төсөвлөж чаджээ. Өөрөөр хэлбэл, энэ мөнгийг аймгийнхаа иргэдийн эрүүл мэндэд зориулах аж.
Тус сумын сургууль дээр хоёр өдөр үргэлжлэх эмч нарын үзлэг оношилгоонд орохоор оочер дугаар үүсгэсэн иргэд олон байв.
Нярай хүүхдээ тэвэрсэн ээжээс эхлээд 80 хол гарсан буурайнууд ч “олон эмч нар ирсэн дээрээ нь үзүүлээд авах минь” хэмээн оочерлож байгаа нь Жавхлантууд эрүүл мэнддээ ямар анхаарал тавьдгийг илт харуулна.
Үзлэгт аймгаас болон зэргэлдээ сумаас сайн чадвартай эмч нарыг авчирсан байгаа бөгөөд тэд зөөврийн дижитал аппарат ашиглан цээжний хөндийн эмгэг илрүүлэх, эхогоор хэвлийн хөндий, эмэгтэйчүүд, зүрхний цахилгаан бичлэг, цусан дахь сахар, өөх тосыг тодорхойлох лабораторийн шинжилгээ хийв. Мөн иргэдэд эрүүл мэндийн талаарх мэдлэг мэдээллийг иргэд өгөх, бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зэрэг мэдээллийг өгөв.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнгөрөгч зургадугаар сард тэмбүү өвчинтэй “дайн” зарлана гэдгээ мэдэгдсэн билээ. Энэ хүрээндээ ч олон ажил эхлүүлж, хоёр жилийн хугацаанд “Тэмбүүг устгая” аяныг орон даяар хэрэгжүүлж байна. Үүний үр дүнд ХӨСҮТ-ийн дэргэдэх “Улаан тууз” эмнэлэгт хандах иргэдийн тоо эрс нэмэгдсэн байгаа юм. Тодруулбал, долоо хоногт 280 орчим иргэн ханддаг байсан бол энэ тоо 540 болж нэмэгджээ. Энэ төрлийн өвчлөл эрчүүд, тэр дундаа шилжилт хөдөлгөөн ихтэй, уул уурхайн бизнестэй аймгуудад хамгийн их байгаа учраас эрчүүдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх талаар ёстой болж байна. Хамгийн чухал нь тэмбүү эдгэдэг өвчин. Эмнэлгийн ажилтнууд маш нууцын зэрэглэлд эмчилдэг учраас ах дүү, ажлын хамт олон, сум орон нутгийн иргэд мэдчихвий хэмээн эмээх шаардлагагүй юм. Та бэлгийн ганц хавьтагчтай, гэр бүлдээ үнэнч байснаар энэ төрлийн өвчнөөс бүрэн салах боломжтой юм.