ХБНГУ нүүрснээс татгалзах эвсэлд нэгдэж буйг тус улсын Байгаль орчны сайд Свенья Шульце мэдэгдлээ. Тэрээр “Нүүрсний хэрэглээнээс татгалзах нь дэлхийн дулаарлын эсрэг хийх том алхам. Герман шиг аж үйлдвэржсэн орон цөмийн болон нүүрсний станцаас татгалзаж, сэргээгдэх эрчим хүчний тогтолцоонд алхам алхмаар шилжих цаг болсон” гэжээ.
Герман Улсын Засгийн газрын зүгээс 2030 он гэхэд хүлэмжийн хийг 55 хувиар бууруулах зорилт тавьж, улмаар уг ажилд зориулан 59 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ. Мөн 2038 он гэхэд Берлин хот нүүрсээр ажилладаг бүх цахилгаан станцаа хаах юм гэнэ.
Нүүрснээс татгалзах эвсэл нь 2017 онд 30 улсын бүрэлдэхүүнтэй байгуулагдсан бол өдгөө тус эвсэлд 80 орчим улс нэгджээ.