Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский төрийн тэргүүнд импичмент хийх буюу итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх журам тогтоосон хуульд гарын үсэг зуржээ. Энэ тухай тус улсын хууль тогтоох байгууллага Дээд Радын албан ёсны цахим хуудсанд мэдээлсэн байна.
Хууль албан ёсоор нийтлэгдсэн өдрөөс хойш хүчин төгөлдөр үйлчилнэ. Баримт бичигт зааснаар Дээд Рада нь төрийн тэргүүнийг эх орноосоо урвасан, гэмт хэрэгт буруутгагдсан тохиолдолд албан тушаалаас нь огцруулах явцыг эхлүүлэх боломжтой. Ингэхдээ парламентын гишүүд бичгээр саналаа ирүүлж, мөрдөн шалгах түр хороо байгуулах юм.
Хэрэв гэмт хэрэгт холбогдоогүй нь нотлогдвол парламентын дарга хууль тогтоох байгууллагын нэрийн өмнөөс ерөнхийлөгчөөс уучлал гуйх шаардлагатай болно гэж тэмдэглэжээ.
Үүний өмнө Владимир Зеленский Ерөнхийлөгчийн өргөн барьсан анхны хуулийн төслүүдийн нэг нь импичментийн журмын тухай байх болно гэж мэдэгдэж байв. Дээд Рада түүний санаачилсан хуулийг есдүгээр сарын 10-нд хүлээн авчээ. Гишүүд уг баримт бичгийг анхны хэлэлцүүлгээр батлахыг дэмжиж, шууд санал хураалт явуулсан юм.