Төв аймгийн Угтаалцайдам суманд өчигдөр (2019.09.23) цагдаагийн алба хаагчид иргэний амь насанд халдсан байж болзошгүй хэрэг гарсан байна. Тодруулбал, “Ёл тариа ХХК”-ийн захирал Г-г тус аймгийн цагдаагийн хоёр алба хаагч Угтаалцайдам сумаас Атар сум руу цагдаагийн автомашинаар авч явжээ. Улмаар цагдаагийн алба хаагчид болон Г нар маргасан аж. Тэдэнтэй хамт явсан гэрчийн хэлснээр цагдаа нар талийгаачийг зодож, баашиллаа гээд ус цацсан гэнэ. Талийгаач дотор нь эвгүйрхээд байгаагаа хэлсэн ч гарыг нь өчих, боох зэргээр биед нь халдсаар байжээ. Цагдаа нар талийгаачийн согтуугийн зэргийг нь тогтоолгож эрхийг нь хасна гэж авч явсныг гэрчүүд хэлж байна.
Талийгаачийн ар гэрийнхэн ч цагдаагийн алба хаагчдыг буруутгаж байгаа юм байна. Түүний эд зүйлс нь ч тухайн сууж явсан автомашинаас гарсан гэнэ. Гэрчийн хэлснээр дээрх цагдаагийн алба хаагчид өөрсдийгөө аймгийн замын цагдаагийн хэлтсийн дарга, мөн Лүн сумын цагдаа гэжээ.
Г-г амьсгал хураахад нь дээрх цагдаагийн алба хаагчид эмнэлэгт хүргэж авчирсан бөгөөд тэнд хүүтэй нь таарсан байгаа юм. Хүү нь аавыгаа эмнэлэгт аваад орох тэр үед цагдаагийн алба хаагчид зугтсан гэнэ.
Харин өнөөдөр ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү сэтгүүлчдэд энэ талаар тайлбар өглөө. Тэрээр:
-Хохирогчид гадна биеийн үзлэгийг өчигдөр хийсэн. Задлан шинжилгээг Улаанбаатар хотод хийнэ. Энэхүү шинжилгээний дүгнэлт гараагүй болохоор амиа алдсан шалтгааныг хэлэх боломжгүй. 2019 оны есдүгээр сарын 23-ны 19:40 цагт сумын эмнэлэгт хүн нас барсан байна гэсэн дуудлага ирсэн. Үүний дагуу Мөрдөн байцаах албаны Тусгай субъектын үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчөөр ахлуулсан прокурор, шинжээч эмчийг оролцуулсан бүрэлдэхүүн хэргийн газарт үзлэг хийсэн. Хэвлэл мэдээллийн хоёр сувгаас мэдээлэл гарсан байгаа. Гэхдээ цагдаагийн эх сурвалжаас тодруулга аваагүй болохоор зөрүүтэй тайлбар гарсан.
Хэн нэгнийг хамгаалах гэсэн зүйл байхгүй. Бодит байдлын талаар мэдээлэхэд, Төв аймгийн цагдаагийн газрын Заамар сумын ахлах мөрдөгч, цагдаагийн хамтаар ажил үүргээ гүйцэтгэж явж байсан. Хулгайн гэмт хэрэгт сэжиглэгдсэн 14 настай хүүхдийг шалгалтаар буюу тайлбар мэдүүлэг аваад явж байхад нь тус сумын нутаг дэвсгэр дээр гар хөл нь цус болсон иргэн хоолны газрын гадаа орилсон байна. Үүний дагуу цагдаагийн албан хаагч нар очиж шалгахад талийгаач 61 настай Г согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан. Гар хөл нь цус болсон нь ажилчдынхаа хоолны махыг бэлтгэхээр мал төхөөрсөн байж. Ингээд цагдаагийн албан хаагч нар сумын цагдаагийн хэлтэс дээр очиж согтуурлын зэргийг нь тогтооно гээд авч явсан байна. Иргэн, цагдаагийн албан хаагч нарын хороонд маргаан үүссэн байна. Авч явж байхад мөн эсэргүүцэлтэй тулгарч энэ үеэр хохирогчийн биеийн байдал муудаж эмнэлэгт хүргэж өгсөн гэсэн тайлбар мэдүүлэгтэй байна. Хэргийг тал бүрээс нь нарийн шалгах болно.
Хоёр цагдаагийн албан хаагчийг зугтсан гэсэн асуудлын тухайд, хохирогчийг эмнэлэгт хүргэж ирэхэд дөрвөн иргэн цагдаагийн албан хаагч нарын биед халдсан. Ахлах офицерын толгой хавдсан, жолоо барьж явсан цагдаагийн толгой хагарсан гэсэн мэдээлэл ирсэн. Үүнийг тусдаа хуулийн дагуу шалгана” гэлээ.
Хэргийг Цагдаагийн ерөнхий газар шалгаж байна.