Баян-Өлгий аймагт хэт улс төржсөн байдал бий болж, авлига газар авч, боловсролын гажиг тогтолцоо үүссэн нь сэтгэл зовоож байна гэж тус аймгаас төрөн гарсан эрдэмтэн, профессор, УИХ-ын гишүүд хүлээн зөвшөөрсөн байна. Энэ сарын 4-нд болсон “Бага дунд боловсролын өнөөгийн тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлэгт энэ асуудал хөндөгджээ.
Тус аймгийн бага дунд боловсролын түвшин улсын хэмжээнд сүүл мушгиж байгаа нь тэдний санааг зовоож байгаа аж. Тэд казах хүүхдүүдийг монгол, казах хос хэлтэй болгох, монгол хүүхдүүдтэй нөхөрлүүлэх нь хүүхэд залуучуудын оюун санаа, хувь хүний хөгжлийг дэмжихэд чиглэсэн алхам болно гэж үзсэн байна.
Тус аймгийн хүүхдүүд их дээд сургуульд элсэн нийслэл хотод ирэхдээ нэг бол бөөнөөрөө байр түрээсэлж амьдардаг эсвэл нийтийн байранд хамт амьдардаг нь тэднийг монгол залуустайгаа нөхөрлөх, хэл сурах боломжийг хязгаарладаг юм байна. Тэд үүнээс болж их сургуулийн хичээлийг ойлгохгүй байсаар төгсөх нь ч байдаг аж.
Баян-Өлгийд интернэт мэдэхгүй хүүхэд олон. Жишээ нь аймгийн төвд таарсан дунд сургуулийн хүүхдээс “Интернэт кафе хаана вэ” гэж асуухад хоолны газар зааж өгсөн тохиолдол гарсан байна. Монгол хэлийг казах багш нар казах хэлээр заадаг учраас хэл усны хувьд асар том доголдол гардаг. Энэ байдал цаашид удаан үргэлжилж болохгүй хэмээн хэлэлцүүлэгт оролцсон эрдэмтэд үзжээ.
Түүнчлэн аймгийн иргэд хэт улстөржиж, авлига, албан тушаалыг шүтэж, мэдлэг мэргэжлээрээ биш арын хаалгаар ажилд ордог. Нутгийн захиргааны байгууллагуудын бодлогогүй, зохион байгуулалтгүй шийдвэрүүд нь олон жилийн турш иргэддээ чирэгдэл учруулж байгааг засах ёстой гэж казах эрдэмтэн, профессорууд үзсэн байна. Хэлэлцүүлгийн үеэр цөөнгүй төслүүд танилцуулагдсан бөгөөд төслийг Баян-Өлгийн Засаг даргад уламжлах гэнэ.
Д.ХАЛИУН