Конгресс дахь Тагнуулын байнгын хороонд долдугаар сарын сүүлээр АНУ-ын тагнуулын байгууллагын нэрээ нууцалсан ажилтан нэгэн гомдлыг ирүүлжээ. Гомдолд Ерөнхийлөгч Трамп Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй утсаар ярихдаа Ардчилсан Намаас 2020 оны сонгуульд нэр дэвшиж байгаа Жо Байдентай холбоотой хэргийг шалгахыг хүссэн талаар мэдээлсэн байна.
Конгресс дахь Тагнуулын байнгын хорооны дарга Адам Шифф өчигдөр Хэрвээ АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өрсөлдөгчийнхөө нэр хүндийг унагахын тулд Украины талд дарамт шахалт үзүүлсэн нь батлагдвал огцруулах асуудал яригдах боломжтой тухай мэдэгджээ.
Жо Байден нь Обамагийн үед дэд Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан бөгөөд Украинтай харилцах гадаад бодлогыг тэргүүлж байсан бол түүний хүү Украины байгалийн хийн компанид хувь эзэмшигч юм. Тухайн үед Байден хүүгийнх нь компанийн авлигын хэргийг шалгаж байсан прокурорыг ажлаас нь халах шахалтыг Украины талд үзүүлж байсан гэх яриа бий.
Харин Жо Байден тухайн үед Украины прокурорыг ажлаас чөлөөлөх хүсэлт тавьж байснаа хүлээн зөвшөөрсөн ч энэ нь хүүгийнх нь бизнестэй хамааралгүй гэж мэдэгдээд байв.
Харин Д.Трамп энэ сэдвийг сөхөх, ингэснээр 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өөрт нь том өрсөлдөгч болж мэдэх Жо Байдены нэр хүндийг унагахыг санаархсан байж болзошгүй гэж эх сурвалжууд үзэж байгаа аж.
Конгресс дахь Ардчилсан Намынхан Трампын энэ үйлдлийг улс төрийн дотоод өрсөлдөөнд гадаад улс орныг оролцуулж, улмаар үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн хэрэг гэж үзэж байна. Конгрессын төлөөлөгчдийн танхимд олонх болдог Ардчилсан Намынхан Трампыг огцруулах санаачилга гаргах боломжтой ч Бүгд Найрамдахчууд олонх болдог Сенатын дэмжлэг зайлшгүй хэрэгтэй юм.
АНУ-ын улс төрийн дотоод тэмцэл Украины шинэ Ерөнхийлөгч Зеленскийг хүнд байдалд оруулж байна. Тэр хэрвээ Трамп өөрт нь дарамт шахалт үзүүлснийг баталбал өнөөдрийн АНУ-ын засаг захиргааны дэмжлэгийг авахад бэрхшээл үүснэ. Трампыг хамгаалсан ч 2020 онд сонгогдох шинэ Ерөнхийлөгчийн засаг захиргаатай харилцах харилцаанд асуудал үүсэх боломжтой.
Дональд Трамп “Би Байденыг харлуулах гэж утсаар яриагүй. Гэхдээ тэр маш муу зүйл хийснийг би хэлж чадна” гэж өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа ярьжээ. Трамп өөрийн хуульчаар Конгрессын өмнө мэдүүлэг өгүүлэхээс айхгүй байгаагаа энэ үеэр мэдэгдсэн юм.
Эх сурвалж: Reuters