Авлигын эсрэг хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хүрээнд шинэчлэн найруулах, нэмэлт, өөрчлөлт оруулах хэд хэдэн хуулийн төсөл яригдаж байгаа бөгөөд түүний нэг нь “Шүгэл үлээгч, мэдээлэгчийн эрхийг хамгаалах” хууль юм.
Хуулийн төсөл одоо боловсруулалтын шатандаа байгаа бөгөөд энэ сарын 20-ны өдөр Төрийн ордонд дээрх асуудлаар холбогдох байгууллагын мэргэжилтнүүд зөвлөлдөх уулзалт хийлээ. Уулзалтыг УИХ-ын даргын Ахлах зөвлөх Ж.Сүхбаатар ахлав.
Тэрбээр, уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Олон жилийн хугацаанд шийдэгдэхгүй ирсэн асуудлын нэг нь Авлигын эсрэг тэмцэж, мэдээлэл өгч байгаа хүнийг нэрлэх явдал юм. Олон улсын хэмжээнд зарим нь “Шүгэлдэгч” хэмээн нэрлэдэг бол авлигын гэмт хэрэгтэй холбогдвол “Гэрч”-ийн хуваарь асуудал яригддаг. Нэлээд өргөн утгатай тал, талын асуудал хөндөж байгаа юм. Энэ төслийн үзэл баримтлалыг хэлэлцэж эхлэхдээ нэр томъёог тодорхой болгох хэрэгтэй. “Шүгэлдэгч” гэж нэрлэж байгаа энэ хүмүүсийг хуулийн төсөлд тусгаснаар ”Шүгэл үлээгч” гэх үү эсхүл зарим хүмүүсийн хэлж байгаагаар “Мэдээлэгч” гэх нь зөв эсэх талаар та бүхний саналыг сонсоно. Авлигын асуудал дээр авлигын хэргийг “Илчлэгч” гэж нэрлэж байна. Мөн зарим нэр томъёо дээр “Илчилсэн этгээд” ч гэж нэрлэдэг. Тиймээс энэ нэр томъёоны асуудал анхаарал татсан, хамгийн чухал асуудал болж байна” гээд албаны хүмүүсийн саналыг сонслоо.
Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Хүний эрхийн үндэсний комисс зэрэг байгууллагын мэргэжилтнүүд хуулийн төслийн үзэл баримтлал болон хуулийн нэр томъёоны талаар ярилцаж, санал бодлоо солилцлоо.
Энэхүү хууль батлагдан хэрэгжсэнээр авлигын гэмт хэргийн талаар мэдээлсэн иргэний эрхийг хамгаалах эрх зүйн орчин бүрдэх юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.