Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Цагаан гол багийн “Алтай таван богд” ууланд авиралт хийгээд буцаж ирээгүй иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Тодруулбал, тус аймгийн төвөөс зүүн хойд зүгт 250 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 180 км-т АНУ-ын харьяат иргэн П /40 настай, эрэгтэй/ энэ сарын 18-ны өдөр “Алтай таван богд” ууланд авиралт хийгээд, 20-ны өдөр буцаж ирэх байсан ч сураггүй алга болжээ.
Энэ тухай мэдээллийг есдүгээр сарын 21-ний өдрийн 22:11 цагт аялал жуулчлалын “Алтай тур” ХХК-ийн ажилтан Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн байна. Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 9 алба хаагч, 1 автомашинтай 09.22-ны өдрийн 05:00 цагт “Алтай таван богд” уулын чиглэлд явж, мөн өдрийн 17:30 цагт тус уулын “Хаалт” гэдэг газар буюу Вест кампэд очиж хоножээ. Өнөөдөр буюу есдүгээр сарын 23-ны өдрийн 09:00 цагаас эхлэн эрлийн ажиллагааг дахин эхлүүлсэн байна.