Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Сэтгэл зүй: 19 төрлийн инээмсэглэл байдаг – updown.mn

Сэтгэл зүй: 19 төрлийн инээмсэглэл байдаг

Сэтгэл судлаачид олон жилийн туршид инээмсэглэлийг судласан боловч ерөнхийдөө нүүрний булчин хацрын орчимд завьж татагдахыг инээмсэглэл гэнэ хэмээн өнгөцхөн тодорхойлж иржээ. Харин Ниэнденталийн судалгаа хөөр баяслын илэрхийлэл нь хүний бие махбодь, тухайн цаг үе, орчин нөхцлийн өөрчлөлттэй салшгүй холбоотой гэж дүгнээд, ердийн эелдэг хандлагаас, үнэн сэтгэлээсээ баярлаж хөөрсөн хүнээс гарах инээмсэглэл гэх мэтчилэнгээр нийт 19 төрлийн инээмсэглэл бий, тэдгээрийн хэв шинжийг сайтар судлавал хүний чухам юунд хөөрч догдлосныг мэдэж болно гэж үзжээ. Тухайлбал, өөрийгөө албадах юм уу барьц алдаж, сандрах үедээ хүн ихэвчлэн шүдээ ил гаргалгүй инээмсэглэдэг аж. Мөн үнэн сэтгэлээсээ баярлаж талархах юм уу, ямар нэгэн сайхан зүйлийн тухай бодохдоо шүдээ ил гаргалгүй инээмсэглэдэг, гэхдээ нүд нь мэдэгдэхүйц онийдог байна. Энэ нь зарим хүнд эрүү шөвгөр, хөмсөг дугариг хэлбэртэй болох зэргээр илэрдэг гэнэ.

Паула Ниэденталь нь Францын Блез Паскалийн их сургуульд судалгааны ажил хийдэг бөгөөд тэрээр инээмсэглэл нь хүний төрөлх илэрхийллийн нэг боловч шинжлэх ухаанд энэ тухай мэдээлэл хомс байдгийг анзаарч, судлаачдын хамт хүний тархины үйл ажиллагаа, төрж өссөн орчин, соёлын онцлог, туулсан зэрэг нь инээмсэглэлд хэрхэн нөлөөлдгийг судалж эхэлжээ. Улмаар инээмсэглэлийг олон төрөлд ялган зааглаж, үндэстнүүдийн сэтгэл хөдлөл хэрхэн өөр өөрөөр илэрдгийг дүгнэж тодорхойлсон байна. Мөн царайд инээмсэглэл тодруулдаг нүүрний булчин хүнийг гуниж гутарсан, эгдүүцэж жигшсэн үед ч агшиж, сунадгийг Ниэденталийн баг тогтоожээ.

Ингээд инээмсэглэлийн тухай баримтуудыг хүргэе.

– “Тархи ба сэтгэл судлалын ухаан” сэтгүүлийн шинэ дугаарт нийтлэгдсэн доктор Ниэденталийн судалгааны дүгнэлтэд онцолсноор инээмсэглэл нь ердөө сэтгэлийн илэрхийлэл биш. Харин хүн хоорондын хамгийн ил тод “хэмжигч” гэнэ. Түүний судалгааг одоогоор инээд, инээмсэглэлтэй холбоотой хийгдээд байгаа хамгийн онцгой судалгаа хэмээн эрдэмтэд хүлээн зөвшөөрдөг аж.

– Хүн дүрстнүүдийг судладаг мэргэжилтнүүд бич, сармагчны инээмсэглэлийг олон янзаар ангилсан байдаг аж. Жишээ нь, шимпанзе баярласандаа инээмсэглэдэг бол заримдаа тал засаж инээмсэглэдэг байна. Хүн ч гэсэн энэ ангилалд багтдаг. Гэхдээ сайтар ажиглавал инээмсэглэлээс үүдсэн хүний төрх царайны өөрчлөлт олон нарийн шинж тэмдэгтэй. Эвгүй байдалд орсон хүнийг инээмсэглэхэд эрүү нь үл ялиг чичигнэж, жижгэрдэг бол мэндчилэх үеийн инээмсэглэлийг яльгүй өргөгдсөн хөмсгөөр нь таньж болох гэнэ. Шимпанзе бусадтайгаа нэгдэн нийлэхийг хүсч байгаагаа илэрхийлэхээс гадна хүч ихтэйгээ анхааруулахдаа мөн инээмсэглэдэг байна. Үүнийг Ниэденталь нарын эрдэмтэд хүний доогтой инээд болон мушилзах, жуумалзахтай адилтгажээ. Гэхдээ хүний мушилзах, жуумалзахаас ялгаатай нь бич, сармагчингуудын хүчирхэгээ гайхуулдаг инээмсэглэл нь шүд ил гардгаараа онцлог аж.

– Ниэнденталь судалгааны өөр нэгэн онцгой дүгнэлт нь инээмсэглэлд хариу барих хүний мэдрэмж юм. Түүнийхээр инээмсэглэсэн хүний нүд рүү харсан хүн өөрийн мэдэлгүй инээмсэглэдэг гэнэ. Гэхдээ инээмсэглэл түгээсэн хүн гагцхүү үнэн сэтгэлээсээ инээмсэглэсэн бол шүү дээ. “Халдвар”-аар инээмсэглэгчийн нүд эхлээд инээмсэглэсэн хүний нүүрний хэлбэр, өөрчлөлт болон дээр дурьдсан үнэн, худал инээмсэглэлийн шинж тэмдгүүдийг өөрт мэдэгдэлгүйгээр мэдээлэл болгон цуглуулж тархины ачаалах цэгт хүргэдэг байна.

– Баярлаж, догдолсон, чин үнэнээсээ талархсан нэгний инээмсэглэлийг хүн далд ухамсраараа мэдэрдэг гэсэн үг. Жишээ нь, жаргалтай нэгний инээмсэглэлийг харсан хүний тархины “талархал тээгч” хэсэг идэвхжиж, эрүүл мэндэд далдхан сайнаар нөлөөлдөг байна. Хүний тайван амгалан араншинг захирдаг гэх тархины тэрхүү хэсгийг идэвхжих үед тархинд идэвхиждэг нэгэн төрлийн эс стресс тайлж, даралт бууруулдагийг Ниэденталь судалгааныхаа явцад мөн тогтоожээ.

– Бусдыг инээмсэглэхийг хараад баярлаж, тодорхой шалтгаангүйгээр догдлох нь тэгэхээр тун эерэг нөлөөтэй юм. Тиймээс ч инээмсэглэхийг, цаашлаад инээж хөхрөхийг нэгэн төрлийн онцгой эм хэмээдэг. Гэхдээ хуурамч инээмсэглэл ийм нөлөөгүй гэнэ. Харцаараа биш зөвхөн уруулаа хөдөлгөх төдийд инээмсэглэх хүнийг харахад дээрх нууц “урвал” тархинд явагддаггүй аж.

– Түүний гол нууц нь хүний тархи далдуураа нүүрний булчингуудыг “тоолж” байдагт оршино. Нүүрний 26 булчин нэгэн зэрэг хөдөлгөөнд оршиж байж, өөрөөр бол нэг хэсэг нь агшиж, нөгөө хэсэг нь сунаж байж инээмсэглэлийг тодруулдаг байна. Хэрэв тэр бүх булчин хүчээ нэгтгээгүй бол зөвхөн зарим нь л “ажил”-аа хийвэл бүрэн дүүрэн, чин сэтгэлийн инээмсэглэл хүний нүүрэнд тодрохгүй, харин ч тухайн хүн нүүр амаа тун ёозгүй татвагануулж байх шиг л харагдах вий.

– Ниэденталийн ажигласнаар америкчууд хамгийн их худал инээмсэглэдэг ард түмэн бол хамгийн баясгалантай, инээмтгий ард түмэн гэх ангилалд Франц, Испани, Португал болон Ватикан, Андорра зэрэг Европын хамгийн жижиг орнууд оршдог Баруун Европын уугуул иргэд дээгүүр байр эзэлсэн байна. Харин чин сэтгэлээсээ инээмсэглэдэг нь нүд, ам хавьд нь гнэгэн зэрэг илэрдэг гэх шинжээр зүүн азиуд хамгийн “үнэнчээр” инээмсэглэдэг хүмүүсээр тодорчээ.

– Ниэденталийн судалгаа сэтгэл судлалын салбарт томоохон дэвшил болсон ч инээмсэглэл судлаачдын хувьд онцгой хувьсал хараахан биш. Доктор ч мэргэжилтнүүдийн энэ дүгнэлттэй санал нэг байна. Инээмсэглэлийн нууцыг шинжлэх ухаан үнэхээр бүрэн дүүрэн тайлсан бол эхийнхээ хэвлийд буй хүүхэд юуны учир инээмсэглэдгийг, хүний төрх царайны анхны хувирал яагаад заавал инээмсэглэл байдгийг, Мона Лизагийн мөнхийн жуумалзлын цаана юу байгааг аль хэдийн мэдчихсэн байх сан.

Эцэст нь сонирхуулахад, хөхтөн амьтан, зарим шувууд ч инээмсэглэдэг нь тогтоогдсон байдаг гэнэ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн