Солонгос улсад хууль бусаар оршин сууж байгаа иргэд гэмт хэргийн хохирогч болсон үедээ цагдаагийн байгууллагад мэдэгдэж, хэргийг шийдвэрлүүлэх боломжтой систем тус улсад үйлчилдэг байна. Харин энэ талаар мэдээлэлгүйгээсээ болж иргэд хохирч үлдэх тохиолдол цөөнгүй гардаг аж.
Солонгосын хэвлэлд энэ талаар жишээ татан дурьдахдаа “Энэ сарын 15-ны өдрийн 06:00 цагийн үед эхнэр, нөхөр хоорондоо муудалцаж байна гэсэн дуудлага цагдаагийн газарт иржээ. Монгол улсын иргэн 33 настай А-г түүний нөхөр болох Монгол улсын иргэн 32 настай Б хүч хэрэглэн нүүрэн тус газар нь цохиж гэмтээсэн байна. Уг хэргийг үйлдэж байхдаа өөрийн эхнэр A-г Солонгос улсад хууль бусаар амьдарч байгаа учир цагдаад мэдэгдэж чадахгүй хэмээн сүрдүүлсэн аж. Гэхдээ цагдаагийн байгууллагаас мэдэгдсэнээр хохирогч А нь нөхрийнхөө асуудлаар гаргасан гомдлоо буцаан авч ял шийтгэл хүлээлгэхээс татгалзсан” гэжээ.
Үүнтэй төстэй хэргүүд Солонгос улсад цөөнгүй гардаг бөгөөд машинд мөргүүлсэн хэдий ч хууль бусаар оршин сууж байгаа гэдгээ мэдэгдэхгүйн тулд цагдаад дуудлага өгөлгүй хохирч үлдэх тохиолдол ч гардаг байгаа юм.
Солонгос улсад хууль бусаар оршин сууж байгаа иргэн ямар нэгэн байдлаар хохирол амсах, хүчирхийлэлд өртөх тохиолдолд хуулийн дагуу уг хэргийг шийддэг систем байдаг юм байна. Тус системийн дагуу хохирогч Солонгос улсад хэрэг шийдэгдтэл 3-6 сарын хугацаанд оршин сууж болох бөгөөд шүүхээр шийдэгдсэний дараа нутаг буцаагддаг талаар тус улсын хэвлэлд мэдээлжээ.