Монгол Улсын төрийн шагналт, зохиолч Д.Норовын “Хөх тавилан” туужаас сэдэвлэн бүтээсэн “Хөх тавилан” уран сайхны кино 41 дэх удаагийн Флоренцийн “Олон улсын эмэгтэй кино уран бүтээлчдийн наадам”-д албан ёсоор шалгарчээ.
Найруулагч Т.Алтантуяа хань В.Агартайгаа хамтран дээрх киног бүтээж, гол дүрд нь мисс А.Баярцэцэг Бадамцэцэг гэх бүсгүйн дүрд тоглосон юм.
Киноны ерөнхий зураглаачаар Э.Очгэрэл, ерөнхий зураачаар Д.Батбилэг, дууны найруулагчаар О.Цэгмид, хөгжмийн зохиолчоор Д.Эрдэнэбат нар ажиллаж, Говь-Алтай аймгийн Цогт сумын Ээж хайрхан ууланд зургийг авсан байна.
Мөн “Хөх тавилан” кинонд Монгол Улсын гавьяат жүжигчин А.Гүрсэд, Ш.Дэлгэржаргал гээд Монголын кино урлагийн ахмад уран бүтээлчдээс гадна, Улсын драмын эрдмийн театрын жүжигчин С.Болд-Эрдэнэ, залуу жүжигчин Б.Шинэбаяр зэрэг чадварлаг уран бүтээлчид тогложээ.