Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 300 ортой төрөх эмнэлгийн барилгын ажил өнөөдөр 90 хувьтай явагдаж байна.
Тус амаржих газрын барилгыг шинэчлэн барих шийдвэр одоогоос 9 жилийн өмнө гарч, Засгийн газар Нийслэл өргөө компани, Пума консерциумтай гэрээ байгуулан улсын төсвөөс 17.7 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж барилгыг эхлүүлсэн. Гэтэл нэмэлт санхүүжилт шаардлагатай болсноор 2013 онд барилгын ажил зогссон юм. Харин 2017 онд Засгийн газрыг төлөөлж Үндэсний хөгжлийн газар, “Томо бюлдинг” компанитай концессын гэрээ байгуулж “царцаад” байсан барилгыг үргэлжлүүлсэн. 2017 оны есдүгээр сараас барилгын ажлыг үргэлжлүүлж 34 хувьтай орхисон барилгыг “Томо бюлдинг” компани өнөөдрийн байдлаар 90 хувьд хүргээд байна.
Шинэ барилга ашиглалтад орсноор олон улсын шаардлага хангасан 140 ортой амаржих газар, 160 ортой хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн төв бүхий эх, хүүхдийн цогц эмнэлэг ажиллаж эхлэх юм.
Эрүүл мэндийн Сайд Д.Сарангэрэл хэлэхдээ “Монгол Улсын эрүүл мэндийн салбарт арцаагдсан, зогссон барилга нэг ч үгүй болсон. Хөдөлж байгаа хурд нь янз янз байгаа ч бүгд хөдөлсөн гэдгийг хэлье. Үүнээс хоёр нь ажил хэрэг болсон. Тодруулбал, АШУҮИС-ийн Монгол Японы хамтарсан эмнэлэг, мөн Үндэсний оношилгооны эмчилгээний төв ашиглалтад орсон. Одоо 2019 онд хоёр том эмнэлэг ашиглалтад орно. Тухайлбал, 2010 оноос хойш баригдаж байгаа 300 ортой төрөх эмнэлэг, 160 ортой төрөх эмнэлэг, 140 ортой хүүхдийн эмнэлэгийн гүйцэтгэл 90 хувьтай бөгөөд энэ оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулна. Тус байранд Хүрээ амаржих газар шилжин орох юм.