УИХ дээр хаваржин, зунжин хэлэлцэгдсэн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хоёрдугаар хэлэлцүүлэг дээрээ гарцаанд орж, гишүүд Үндсэн хуулийн нэмэлт өөрлөлтийг Ард нийтийн санал асуулгаар эцэслэх шийдвэрлэхээр болсон.
Үндсэн хуулийн асуудлаар Ард нийтийн санал асуулга явуулахын тулд улс орныг хамарсан УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуулийн дайны кампант ажил өрнөнө. Мөн 30 тэрбум төгрөг улсын төсвөөс гарах тооцоог албаны хүмүүс хэлэлцэж байна. Сэдвийг дагаад энэ дайны хөрөнгө улсын төсөвт, Засгийн газрын нөөцийн санд бий юу, үгүй юу гэдэг асуудал ч хөндөгдөөд амжсан.
Сүүлийн өдрүүдэд улс төр орчимд Ард нийтийн санал асуулгатай хамт УИХ-ын ээлжит бус сонгуулийг давхар явуулах, мөнгө хэмнэх санаа цухалзах болсон. УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгууль явуулах санал гарч эхэлсэн талаар хэвлэлүүд мэдээлэх болов.
Энэ мэдээлэл үнэн бөгөөд санаачилга МАН-ын бүлгийн гишүүдээс гарч, УИХ-ын 47 гишүүн гарын үзэг зурчихаад байгаа юм байна. Гарын үсэг зурах гишүүдийн тоо 51-д хүрвэл УИХ-ын саналыг гишүүдийн 1/3 хувь нь дэмжсэн гэдгээр УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэх байр суурийг ч баримтлаад эхэлжээ.
Засаглалыг гацаанд оруулж, хөгжлийг тушиж буй Үндсэн хуулийн заалтуудыг өөрчлөх даалгавар бол ард түмний энэ парламентад өгсөн үүрэг байсан гэж ойлгож болно. Засаглалын хямралыг бий болгож байсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг энэ УИХ гүйцэтгэж чадсан. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар ярьж, хэлэлцэж, зөвшилцөн 30 хувьд нь өөрчлөлт оруулж амжсан.
УИХ-д 62 гишүүнтэй МАН маш том зориг гарган, намын нэр хүндээр дэнчин тавьж, УИХ-ыг хугацаанаас нь өмнө тарааж, Үндсэн хуулийн өөрчлөх Ард нийтийн санал асуулгатай зэрэгцэн УИХ-ын шинэ сонгуулийг явуулах зориг гаргаад эхэллээ.
Ард иргэдийн санал асуулга УИХ-ын сонгуультай ижил, олон хэсэг тойргийн хороо, санал хураалт зохион байгуулах Ажлын хэсэг, ажиллах хүч гэх мэт нүсэр зардал, бүрдэж хийгдэх ажил юм.
Үндсэн хуулийн санал асуулга амжилтгүй болвол монголчууд ахин найман жил энэ асуудлаар дуугарах эрхгүй болно. Тиймээс хагас жилийн дараа болох УИХ-ын сонгуулийг салгаж, хоёр дахин зардал гаргахгүйгээр энэ удаагийн УИХ хугацаанаасаа өмнө тарж, шинэ УИХ-д Үндсэн хуулийн хоёр дахь хэлэлцүүлгээ үргэлжлүүлж, өнөөдрийн засаглалд үүрлэсэн гацаа, улс төрийн хүндрэлүүд, цаашлаад иргэдийн амьдралыг өөд нь татах боломжуудыг үлдээхээр шийдэж байгаа аж.
Энэ нь олонхоос бүрдсэн УИХ-ын давуу тал бас зориг байж болно. Олон намын төлөөлөлтэй парламент Үндсэн хуулийг өөрчилж дийлэхгүй. Олон талын сонирхолд тээглэн энэ санаачилга зогсоно гэдгийг болж өнгөрсөн үйл явдлууд харуулсан. Харин энэ удаа МАН-ын олонхоос бүрдсэн УИХ-ын гишүүд өөрсдийгөө золиосолж, засаглалын гацааг арилгахаар нэг зүгт харж, төрийн дархлааг аврах, засаглалын хямралаас гарах ажлыг хийж эхэллээ.
Ерөнхийлөгчийн зүгээс мөн АН-ын зүгээс МАН-ын 62 гишүүнтэй, хэт олонхоос бүрдсэн УИХ тарахыг нэг биш удаа шаардаж байсан. АН-ын гишүүд УИХ тарах аян зохион байгуулж, гишүүдийн гарын үсгийг зуруулж байсан бол өнгөрсөн хавар УИХ-ын чуулгантай зэрэгцэн “УИХ ТАР” гэсэн уриатай тайван жагсаалыг ч зохион байгуулсан удаатай. Энэ удаа МАН-ын УИХ-ын гишүүдийн санаачлагыг дэмжих үү, эсэргүүцэх үү гэдэг асуултын хариуг иргэд яг одоо харж байна.
Б.БАЙГАЛЬ
1 comment
Хулгайчууд тарах гээд яараад яахав дээ. шорон хүлээж байгаагаа мэдж байна уу.