Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Оксфортын их сургууль, “Билл Мелинда Гэйтс” сан Аксесс Сольюшинс ХХК-тай хамтран хэрэгжүүлж буй “Цахим эрин дэх Монгол Улс” төслийн судалгааны тайлан, бодлогын зөвлөмжийг танилцуулах “Цахим эрин дэх нүүдэлчид” олон улсын бага хурал өнөөдөр боллоо. Хуралд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон төрийн байгууллагууд, технологийн салбарын манлайлагчид, их, дээд сургууль, хувийн хэвшлийн төлөөлөл оролцов.
Хурлын эхэнд “Билл Мелинда Гэйтс” сангийн тэргүүн, хатагтай Мелинда Гэйтсээс ирүүлсэн мэндчилгээг дамжуулж, Оксфортын их сургуулийн Блаватникийн нэрэмжит Төрийн удирдлагын сургуулийн эдийн засгийн профессор Стефан Деркон “Технологийн хөгжлийн комиссын танилцуулга, улс орнууд дижиталчлалд хэрхэн бэлэн байх ёстой вэ” сэдвээр, “Цахим эрин дэх Монгол Улс” төслийн захирал Б.Болор-Эрдэнэ дижитал эдийн засгийн загвар боловсруулах “Цахим эрин дэх Монгол Улс” төслийн үр дүнг танилцуулж, илтгэл тавьсан юм.
Бага хурал “Монгол Улс дижитал шилжилтэд бэлэн үү” хэлэлцүүлгээр үргэлжилж, панелистуудаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат, Ерөнхий сайдын ажлын албаны эдийн засгийн бодлогын зөвлөлийн дарга Т.Хаш-Эрдэнэ, “Анд Глобал” ХХК-ийн үүсгэн байгуулагч Ч.Анар, “Ай Си Ти” групп ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Лхамсүрэн нар оролцов.
Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын зорилго, зорилт болон нийт эдийн засагт дижитал хувьсгалыг хэрхэн холбох боломж, цахим эрин дэх Монгол Улсын бэлэн байдал, цаашид баримтлах стратеги, үндэсний технологийн шийдлүүдийн талаар болон технологийн салбарын олон улсын томоохон оролцогч талуудтай хамтран ажиллах боломжуудыг тодорхойлох зэрэг асуудлаар панелистууд санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Улаанбаатар хот цахим шилжилтийн талаар ямар бодлого барьж ажиллаж байгаа талаар Хотын Захирагч С.Амарсайханаас тодруулахад “Дэлхий нийтэд өрнөж буй аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал Монгол Улсын эдийн засаг, нийгмийн төв болох нийслэл хотын иргэдийн амьдрал, хөгжилд ч зайлшгүй нөлөөлнө. Иргэдийн хүсэл шаардлага хүлээлт ч их байна. Эхний ээлжинд бид гэр хорооллын 151 хороог өндөр хурдны шилэн кабелд холбож, төрийн үйлчилгээг хүргэж эхлээд байна. Мөн иргэдийн цахим оролцоог хангахын тулд ихэнх хороонд 50 метр бүст үнэгүй интернетийн үйлчилгээ хүргэж байна. Гэр хорооллын иргэдийн цахим дэд бүтцийг хүргэх технологийн боломж нь “LTE технологид суурилсан утасгүй сүлжээ”-г барьж байгуулах нь зүйтэй гэсэн шийдлийг мэргэжилтнүүд гаргасан. Бид гэр хорооллын иргэдийн дэд бүтцийг сайжруулах, хотын иргэдийг аюулгүй орчинд амьдруулах зорилгоор 6000 орчим камерын нэгдсэн хяналтын сүлжээ байгуулах ТЭЗҮ боловсруулаад байна. Мөн Нийслэлийн хот байгуулалтын дундын мэдээллийн санг бий болгох томоохон ажил ид өрнөж байна. Бид дижитал шилжилт хийхийн тулд иргэдийн цахим оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээс үйлчилгээ авч буй иргэд хурууны хээгээ уншуулан зарим төрлийн лавлагааг үнэмлэхний хуулбар, нотариатийн баталгаа зэргийг шаардахгүй түргэн шуурхай авах боломж бүрдсэн. Энэ нь иргэдэд цаг хугацаа, мөнгө хэмнэх боломжийг бүрдүүлж байна” хэмээсэн юм.
Төслийн хүрээнд Аксесс Сольюшинс ХХК болон Оксфортын их сургуулийн эрдэмтэд Монгол Улсын цахим хөгжлийн бэлэн байдлын судалгааг хийж, технологийн хөгжлийг ашиглан эдийн засгийн хөгжлийг хурдасгах стратегийг боловсруулсан байна. Өнөөдрийн хурлын үеэр судалгааны үр дүнг танилцуулж, цаашид баримтлах цахим хөгжилд тулгуурласан эдийн засгийн хөгжлийн талаар стратегийг хэлэлцэх, технологийн салбарын хүний нөөц болон боловсролын дижиталчлалын талаар хэлэлцүүлэг өрнүүлэх юм.