Франц Улсын хойд хэсэгт орших Лилль хотноо Франц улсын Үндэсний Ассамблейн дарга Ричард Феррандаас холбогдох албаны хүмүүс байцаалт авчээ. Түүнийг 1998-2012 онуудад хийгдсэн үл хөдлөх хөрөнгийн гэрээ хэлэлцээртэй холбоотой асуудлаар өнгөрсөн долоо хоногт 13 цаг байцаасан байна.
2018 оны есдүгээр сараас эхлэн Үндэсний Ассамблейн даргын албан тушаалыг хашиж эхэлсэн Ферранд нь Ерөнхийлөгч Эммануэль Макронын сонгуулийн кампанит ажлыг удирдан явуулж байв. Макронын ойрын хүн гэгддэг Феррандыг хувийн ашиг сонирхлоор шийдвэр гаргасан байж болзошгүй гэж үзэн, албан ёсоор мөрдөн байцаалтыг эхлүүлсэн тухай Францын телевиз мэдээлсэн байна. Ферранд нь 1998-2012 онд Франц Улсын баруун хэсгийн эрүүл мэндийн даатгалын байгууллагыг удирдаж байхдаа өөрийн хамтрагчид санхүүгийн хөнгөлөлттэйгөөр түрээсийн гэрээ байгуулсан байж болзошгүй гэж үзэж байгаа аж.
Тус улсын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Сибет Ндаеэ /Sibeth Ndiaye/ “Ноён Ферранд бол үнэнч, улс төрийн карьераараа үлгэр дуурайлал үзүүлсэн хүн. Түүний үндэсний чуулганы ерөнхийлөгчөөр ажиллах хугацаа маш удаан үргэлжилнэ гэдэгт би итгэж байна” хэмээн байр сууриа илэрхийлжээ.