БНСУ-ын Инчоны олон улсын нисэх онгоцны буудал хяналт, шалгалт ихтэй байгаа юм байна. Учир нь тус улсад гахайн Африк халуурал өвчин нэвтрэхээс сэргийлж ийнхүү нисэх онгоцны буудалдаа хатуу хяналт, шалгалт тавьж байгаа аж. Солонгосын хэвлэлүүдээр цацагдаж буй мэдээлэлд дурьдсанаар энэхүү өвчин нь өнөөгийн байдлаар Монгол, Хятад, Вьетнам, болон Филиппин зэрэг улсуудад илрээд байгаа гэжээ.
Уг өвчинтэй холбогдуулан Солонгос улс хилээ чангатган мах махан бүтээгдэхүүн, тэр тусмаа гахайн мах оруулж ирэхийг завдсан тохиолдолд өндөр хэмжээний торгуул ногдуулж байгаа аж. Иймээс Солонгос улс руу зорчих гэж байгаа Монгол улсын иргэд мах махан бүтээгдэхүүн авч гарахгүй байхыг анхааруулж байна.
БНСУ-ын хилээр нэвтрэхэд анхаарах зүйлс:
– БНСУ-ын хилийн шалган нэвтрүүлэх боомт дээр Хил, гаалийн албаны байцаагч нар тус улсад нэвтрэх зөвшөөрлийг олгодог. Хилээр нэвтрэх хуудсанд уригч талын мэдээлэл болон байрлах хаягаа үнэн зөв бөглөн, буцах онгоцны тасалбар, зочид буудлын захиалгын баталгааг биедээ авч явахаас гадна аяллын зорилгоо сандарч, мэгдэлгүй үнэн зөв тайлбарлах.
– Нисэх онгоцны буудал дээр ачаа солигдох, алдагдах тохиолдол гардаг тул тээшин дээрээ нэр, утас, хаяг зэргээ тодорхой бичиж байх,
– БНСУ-ын хувьд олон улсын жишгээр хар тамхи, мансууруулах бодис, галт зэвсэг, түүх дурсгал, соёлын үнэт зүйлсийг хилээр оруулахыг хориглосон байдаг. БНСУ-ын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эд зүйлс, бараа, бүтээгдэхүүн, тухайлбал, мах, махан бүтээгдэхүүн, жимс, ногоо, ургамлын үр, цагаан идээ зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг авчирж ирэхгүй байх, бусдын захиасыг авахгүй байх,
– Хил нэвтрэх мэдүүлэг болон гаалийн мэдүүлгийн хуудсыг хил нэвтрэхээс өмнө бөглөсөн байх,
– Хилээр нэвтрүүлэхэд тодорхой хязгаарлалт тавьдаг эд зүйлс, бараа, бүтээгдэхүүнийг зөвшөөрсөн тоо, хэмжээнээс их хэмжээгээр авч орж ирэх тохиолдолд татвар, хураамж ногдуулдаг. Тухайлбал,
– Согтууруулах төрлийн ундаа 1 литр (21 насанд хүрээгүй зорчигч согтууруулах ундаа авч орж илэхийг зөвшөөрдөггүй),
– Янжуур тамхи 200 ширхэг,
– Сигар, навчин тамхи 100 ширхэг,
– Хувийн хэрэглээний эм авч явах бол эмийн сав боодол, эмчийн жор, тодорхойлолтыг үзүүлэх шаардлагатай. (мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, судсаар сэлбэх шингэн зэрэг эмийг хилээр нэвтрүүлэхийг завдсан бол эмийг хураан авч, торгодог);
– 10,000-аас дээш ам.доллар бэлнээр, эсхүл түүнтэй тэнцэх үнэт цаас (personal or cashier’s check, traveler’s checks, money orders, stocks, bonds) авч яваа бол гаалийн мэдүүлэгт заавал мэдүүлэх. Мэдүүлээгүй тохиолдолд гаалийн хууль зөрчсөн гэж үзэн, хураадаг.