Керсти Кальюлайд, Эстон
Керсти Кальюлайд 2016 онд Ерөнхийлөгч болсон. Тартусийн их сургуулийн биологийн факультетийг дүүргэсэн тэрбээр удалгүй удирдахуйн ухааны магистрын зэрэг хамгаалж, банкны салбарт ажиллаж байгаад Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх болсон. Мөн цахилгаан станцыг тэргүүлж, аудитаар хэсэг ажиллаж байжээ. Тэрбээр амьдралынхаа туршид суралцаж байгаа, шинэ бүхнээс айдаггүй, Эстон улсаа дэлхийн хамгийн баян, хөгжин цэцэглэсэн улс болгохыг мөрөөддөг нэгэн.
Халима Якоб, Сингапур
Сингапурын Үндэсний их сургуульд хууль зүйн ухаанаар суралцаж бакалаврын зэрэг эзэмшсэн. Дараа нь эрх зүйгээр магистрын зэрэг хамгаалжээ. Мэргэжлийн холбоодын конгрессээс карьераа эхэлсэн тэрбээр парламентын гишүүн болж, дараа нь энэ улсын түүхэн дэх парламентын анхны эмэгтэй дарга болсон юм. 2017 оны есдүгээр сараас тэрбээр Сингапурын Ерөнхийлөгч болжээ. Халима Якоб нь амжилттай яваа улстөрч төдийгүй таван хүүхдийн ээж.
Саломе Зурабишвили, Гүрж
2018 оны арванхоёрдугаар сард Саломе Зурабишвили Гүржийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч болсон юм. Тэрбээр Парисын улстөрийн шинжлэх ухааны дээд сургуульд улстөр судлаачаар суралцаж байгаад дараа нь Колумбын их сургуульд сурсан. Францын Гадаад хэргийн яаманд том албан тушаал хашиж байгаад Францын Үндэсний батлан хамгаалах ерөнхий газарт хэсэг ажилласан. Дараа нь Гүрж дэх Элчин сайд болсноо Гүржийн Гадаад хэргийн яамыг тэргүүлэх болсон юм. Тэрбээр 2010 онд улстөрөөс явсан ч 2018 онд Гүржийн Ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшин ялжээ.
Зузана Чапутова, Словак
2019 оны зун тэрбээр Словакийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч болсон юм. Зузана Чапутова хуульч мэргэжилтэй. Иргэний нэгдэл, өөртөө засаг байгууллагуудад олон жил ажилласан. Иргэний байр сууриас идэвхтэй ажилласаар Goldman-ы экологийн шагналтан болсон. Тэрбээр Словакийн улстөрийн тавцанд гарч ирсэн шинэ нүүр царай. Иргэд нь түүнийг Словак улсаа хөгжин цэцэглэсэн улс болгож чадна гэж үздэг.
Сахле-Ворк Зевде, Этиоп
Сахле-Ворк Зевде нь олон жил дипломат алба хашжээ. Тэрбээр хэд хэдэн улсад Элчин сайдаар ажиллаж, НҮБ-тай идэвхтэй хамтран ажиллаж, энэ байгууллагын тусгай төлөөлөгч, Африкийн холбооны түүний салбарыг тэргүүлэгчээр ажиллаж байсан. Мөн Найроби дэх НҮБ-ын ерөнхий захирлаар ажиллаж байв. 2018 онд тэрбээр Этиопын анхны эмэгтэй Ерөнхийлөгч болжээ.
Пола-Мэй Уикс, Тринидад баТобаго
Энэ улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгч төдийгүй төрийн тэргүүний сонгуульд нэр дэвшсэн цорын ганц хүн байжээ. Пола-Мэй Уикс насаараа хуулийн ажил эрхэлж, Теркс ба Кайкос арлуудын давж заалдах шатны шүүгчийн алба хашиж байв.
Мари-Луиз Колейро Прека, Мальт
Мальтыг тэргүүлсэн анхны эмэгтэй төдийгүй намын анхны эмэгтэй удирдагч болсон. Мальтын шинэ тэргүүн болоод энэ улсын түүхэн дэх хамгийн залуу удирдагч болжээ. Мари-Луиз тангараг өргөх үеэрээ 55 настай байлаа.
Колинда Грабар-Китарович, Хорват
Риекагаас холгүйхэн орших нэгэн жижиг тосгонд өссөн тэрбээр 17 насандаа шагнал авч, түүнийхээ ачаар АНУ-д суралцсан байна. Дараа нь тэрбээр Загребын их сургуульд олон улсын харилцаагаар магистрын диплом авсан ч Америкийн хэд хэдэн сургуульд хэлний мэдлэгээ улам сайжруулжээ. Хорватын Гадаад хэрэг, Шинжлэх ухаан, технологийн яамдад алба хашиж байгаад Гадаад хэргийн сайд болж, АНУ дахь Хорватын Элчин сайдаар хүртэл ажиллажээ. 2015 оны эхээр тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан юм.
Эх сурвалж: telegraf.com.ua