Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн амралтын өдрүүдэд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцжээ. Төмөр замын доод суурийн ажлыг гүйцэтгэж буй компаниудын ажлын гүйцэтгэл харилцан адилгүй ч аравдугаар сарын 20-ны өдөр төлөвлөгөөт ажлаа дуусгахаар ажиллаж байгаа гэдгээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулсан байна. Мөн, аж ахуйн нэгжүүд арванхоёрдугаар сарын сүүл хүртэл төмөр замын суурийн далангийн бэлдэц болоод туслах замын ажлуудыг гүйцэтгэх боломжтой гэснийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дэмжжээ.
Улмаар, Монгол Улсын Ерөнхийлөгч Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа 10 км төмөр замын ажлын явцтай танилцжээ. Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын ажилтай зэрэг эхэлсэн энэхүү төмөр зам 90 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.