Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа танилцуулж, иргэдэд төрийн зарим үйлчилгээг нэг цэгээс үзүүлэх өдөрлөгийн нээлт өчигдөр (2019.09.16) боллоо. Тус өдөрлөгийг энэ сарын 16-27-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах юм.

Өнөөдрийн нээлттэй хаалганы өдөрлөгт Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Ерөнхий сайдын Ажлын алба, Шадар сайдын Ажлын алба, Сангийн яамны харьяа агентлаг, байгууллагууд иргэдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ орон даяар өрнөж буй томоохон бүтээн байгуулалтын ажлыг макетаар үзүүлэн танилцуулж байна.

Өдөрлөгийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээж, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй ажил, үр дүнгийн талаар тайлагналаа. Тухайлбал, 2018 онд 7.2 хувьтай байсан эдийн засгийн өсөлт 2019 оны эхний хагас жилийн байдлаар 7.3 хувьд хүрсэн. Гадаад валютын нөөц 3.6 тэрбум ам.доллар болж, хөрөнгө оруулалт, гадаад худалдаа сэргэж, боловсруулах үйлдвэрлэлийн өсөлт сайжирч байгааг дурдав. Гол нь энэ өсөлтийг иргэддээ хүртээмжтэй хүргэхэд онцгой анхаарч байгааг тэмдэглэв. Улсын хэмжээнд 2019 онд 21420 ор бүхий 48 сургууль, 13140 ор бүхий 93 цэцэрлэг ашиглалтад оруулна. Ингэснээр сургуулийн өмнөх боловсролын хамралтын түвшинг 88.1 хувьд хүргэнэ. Иргэдээ эрчим хүч, нефть, эрүүл хүнсээр ойрын таван жилийн дотор дотоодоос хангах боломжийг Засгийн газар бүрдүүлнэ зэрэг олон асуудлыг танилцууллаа.

Мөн өдөрлөгт зориулан дэлгэсэн бүтээн байгуулалтын макеттай танилцах үеэр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газраас барьж байгаа бодлого бол улсын төсөв дээр заавал ТЭЗҮ-тэй, өөрийн гэсэн биет макеттай төслийг л дэмжинэ. Энэ хүрээнд бүх яам, агентлагууд ТЭЗҮ болон макет дээр ажиллаж байгаа. Мэдээж алдаа, оноо гарч байна. Гэхдээ энэ бол том дэвшилт. Өмнө нь зөвхөн амаар ярьж, цаасан дээр л үзүүлдэг байсан. Харин одоо ямар ч хүн хараад ойлгохоор болж байгаа юм. Тухайн бүтээн байгуулалт нь ийм үе шаттай, дараалалтайгаар ийм ТЭЗҮ-тэйгээр баригдах юм байна гэдгийг харж болно. Хэрэв макетгүй бол төсөл болон олон улсын зээл тусламжид хамруулахгүй гэдэг бодлого гаргаж шахаж байгаа юм. Ингэж байж олон улсын нийтлэг жишиг рүү явна. Цаашид бүр илүү ойлгомжтой болно. Энэ бол Монголдоо анх удаа гарч байгаа, Засгийн газрын үйл ажиллагааг олон улсын бусад байгууллагын нийтлэг стандартад оруулах гэж байгаа хэлбэр юм. Энэ удаагийн нээлттэй өдөрлөг бол үүнийг олон нийтэд таниулж байгаагаараа онцлог. 12 өдрийн хугацаанд бусад саналуудыг авна. Бусад саналуудыг эрэмбэлүүлж байгаад цаашид эдийн засгийн хувьд аль нь чухал ач холбогдолтой вэ гэдгээр нь эрэмбэлнэ. Ингэснээр урт хугацааны төлөвлөгөө буюу 25 жилээр хийж байгаа үйл ажиллагааны ТЭЗҮ-д ороод явна гэсэн үг. Тэгэхээр илүү бодитой алхам руу орж байгаа онцлогтой болохоос Засгийн газрын үйл ажиллагааг сурталчлах гэсэн уламжлалт ажлаас өөр юм” хэмээн тайлбар өглөө.

Төрийн үйлчилгээг нэг цэгээс авч буй иргэдээс гадна Засгийн газарын үйл ажиллагааны талаар санал, шүүмжлэлээ илэрхийлэхээр ТББ-уудын болон иргэний хөдөлгөөний төлөөллүүд иржээ. Жишээ нь машинтай жагсагчид Л.Оюун-Эрдэнэ сайдад хандан “Хятадуудад 60 жилээр өгсөн 300 га газрын асуудал байна. Одоо бас Дорноговь аймгийн Улаанбадрах сум руу иргэний хөдөлгөөнүүд хөдөлсөн байгаа. Монголын хамгийн чухал сэдэв болсон ураны асуудал байна. Бид төртэй хамтарч ажилламаар байна. Төр, төрийн бус байгууллагын түншлэл гэдэг байдлаар ч юм уу. Ерөнхий сайдын нэр дээр олон захидал явуулсан боловч нэг ч хариу ирээгүй. Олон сумын асуудлыг иргэдийнх нь гарын үсэгтэйгээр Засгийн газрын бичиг хэрэгт өгсөн. Хоёр жилийн өмнө шатахууны үнийн асуудлаар өгсөн албан бичигт ч хариу өгөөгүй. Та албан ёсны хариу өгөх боломж байна уу” гэв. Харин сайд Л.Оюун-Эрдэнэ ноцтой асуудалд хуулийн дагуу арга хэмжээ авна, хариу өгөөгүй нэг ч өргөдөл өөрт нь байхгүй гэдгийг хэлээд, өмнө нь өгсөн бүх бичгүүдээ аваад өөртэй нь уулзахыг зөвлөсөн юм.

Мөн Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүхтэй биечлэн уулзахыг зорьсон иргэд байсан боловч тэдний хувьд хараахан боломж олдоогүй юм. Учир нь Ерөнхий сайд нээлтийн үйл ажиллагааны дараа иргэдийн санал бодлыг сонсож амжилгүй удаах арга хэмжээнд оролцохоор явсан юм.

Иргэдийн өдөрлөгийн хүрээнд иргэд голчлон мэргэжлийн хяналтын байгууллага, ус, зам тээвэр, шагнал урамшуулал зэрэг асуудлаар төрийн байгууллагуудад хандаж байв. ЗГХЭГ-т иргэдийн зүгээс ихэвчлэн газрын асуудал, албан байгууллага, иргэд хоорондын гэрээтэй холбоотой асуудлаар, түүнчлэн байгууллага хоорондын уялдаа холбоо муу байна гэх санал, шүүмжлэл ирсэн аж. Мөн боловсролын тухай хууль, эрчим хүчтэй холбоотой буюу цахилгааны үнийн тарифын асуудлаар иргэд их хандаж байгааг холбогдох албаныхан хэлж байлаа.

Ингээд өдөрлөгийн талаар болон Засгийн газрын хийж хэрэгжүүлж буй ажлын талаар иргэдийн сэтгэгдлийг сонслоо. Иргэд бүтээн байгуулалтын ажилтай танилцуулж байгааг ихэд сайшаан олзуурхаж байв. Учир нь мэдээллийн хэрэгслээр зөвхөн зураг хэлбэрээр, аман тайлбартайгаар мэдээлэл авдаг байсан бол бодит байдлаар дүрслэн харуулсан макет нь зохион байгуулалт, бүтэц, орчныг нь илүү ойлгомжтой тодорхой мэдээлэл өгч байгаа аж. Хамгийн бага түвшинд гэхэд, хүн дараа нь тухайн байгууламжид очиход арай дөхөм байх боломжтой. Дунд түвшинд буюу менежерүүдийн түвшинд бол манай бүтээлтүүд ямар түвшинд явж байна вэ гэдэг ойлголттой болно. Түүний дараагийн түвшинд гэхэд ард иргэд ийм зүйлүүд нэгэнт бий болсон үед дутуу нь юу билээ гэдэг талаас нь эргэцүүлэх зэргээр илүү өргөн харах боломж нээгдэж байна хэмээн дүгнэж байв. Энэ талаар Баянзүрх дүүргийн 15-р хорооны иргэн Ш.Б сэтгэгдлээ ийн хуваалцлаа.

-Макет тавиад танилцуулж байгаа түвшин бол хамгийн хялбар, бага түвшин юм. Үүнээс цааш технологиудыг оруулж ирээд хөгжүүлбэл их сайн байна. Энэ мэдээлэл бол зөвхөн нэг удаагийнх. Гэтэл үүний цаана илүү олон задаргаа бий. Тэр болгоны мэдээллийг түгээдэг, виртуал ертөнцийн сонинуудаас хуваалцвал сонирхолтой байна. Миний мэдэхийн намайг жоохон байхад л гардаг байсан үзэсгэлэнгийн хэлбэр л дээ. Анхны удаа болж байгаа болохоор аргагүй. Харин цаашид өшөө илүү гоё болох боломж байгаа байх гэж бодож байна.

Мөн бид Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын үйл ажиллагаанд иргэд ямар дүгнэлт өгч буйг сонирхлоо. Тухайлбал, иргэн н.Б “Би төр засгаас гурван зүйлийг л хүлээж байлаа. Эхнийх нь, махны асуудал. Цувдайгаа авч чадахаа больсон хэсэг бүлэг хүмүүс байна. Тэр хүмүүс ядаж цувдайгаа худалдаж аваад идчихдэг түвшинд хүрчих боломжтой болох байх гэж бодож байсан. Энэ сайхан оронд амьдарч байж таван хошуу малынхаа махыг идэхгүй явна гэдэг утгагүй юм. Хоёрдугаарт, наадмыг ардын наадам болгочих болов уу гэж бодож байдаг юм. Наадмаас ашиг олно гэдэг утгагүй зүйл. Үүнийг засах хэрэгтэй. Ард түмэн баян байхаас илүү жаргалтай байх нь чухал гэж санагддаг. Гурав дахь асуудал нь, Ерөнхий сайдыг монголжуудуу байгаад байхаар нь эрүүл мэндийн салбараа монголжууу болговол зүгээр юм болов уу гэж бодож байсан юм. Бид эмч, эм, эмнэлэг гэдэг технологийг хөгжүүлээд яваад байна. Энэ бол өвдсөний дараа эмнэж, мөнгө эргэлдүүлж байдаг, маркетингтай шинжлэх ухаан. Тэгвэл үүнийг хөгжүүлэхээсээ илүү ардын анагаах ухааныг дэлгэрүүлэх хэрэгтэй. Энэ бол хүн яаж эрүүл амьдрах вэ гэдгийг чухалчилдаг. Өвс ургамалаар хийсэн зүйлс асар хямд байхад үүнийг уугаад эрүүл явах боломжийг олгоод гаргачихсан бол гэж бодож байсан юм. Манай монголын эко бүтээгдэхүүнүүдийг дэлхий хүлээн зөвшөөрөөд эхэлсэн шүү дээ. Уламжлалт эмнэлгүүдийг дэмжээд явах нь зөв гэж боддог” гэлээ.

Хан-Уул дүүргийн 3-р хорооны иргэн өндөр настан н.Б “Би Ерөнхий сайдад хандаж хувийн асуудлаар өргөдөл захидал бичсэн юм. Уг нь би өөрөө голчилж уулзаад асуудлаа ярья гэж бодсон юм. Боломжтой үедээ хүлээж авахыг хүсье гэж хамгийн сүүлд нь бичсэн л дээ. Өргөдлөө өнгөрсөн зургадугаар сарын 20-дын үед өгсөн. Өгөөд гурван сар гэдэг чинь нэг улирал боллоо. Ямар ч хариу ирээгүй. Асуудлаа дамжуулж яримааргүй байна. Ерөнхий сайд анх нийгмийн бусармаг байдлыг арилгана. Шударга ёсыг тогтооно гэж хэлж байсан. Монголын бохир арилж байж, хууль хүчний байгууллага нь шударга ажиллаж байж манай орон хөгжинө. Нэг хоёр хүнийг өөрчилснөөр энэ арилахгүй, салбар бүрт маш олон хувалзууд шигдчихсэн байна. Ярьж байгаагаар нь юм хийчих байх гэж бодсон. Хийх асуудлаар нь бас их чөдөр тушаа байдаг юм шиг байна. Юм ярьсан хүн буруутдаг, тэрийг нь ойлгох сэтгэл манай иргэдэд алга. Үүнийг л бодолцох хэрэгтэй байгаа юм. Үр дүн ер олигтой гарч өгөхгүй байна. Ярих амархан, тэрийг ажил хэрэг болгох ёстой. Ер нь энэ бол маш их хугацаа орох ажил. Тэр болгоныг давах чадвартай улстөрч хэрэгтэй байна. Гэртээ яриад, гудамжинд шүүмжлээд, хоёр биеийнхээ хооронд яриад явах юм бол энэ асуудал урагшлахгүй. Ард түмнээс бас их зүйл шалтгаалж байгаа гэж бодож явдаг юм даа” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Ийнхүү Засгийн газрын нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр (2019.09.17) Гадаад харилцааны яам – Консулын газрын үйл ажиллагааны тайлан, үйлчилгээгээр үргэлжилнэ. Энэ өдөр иргэдэд зөвлөгөө өгөх, Монгол Улсад суугаа Дипломат болон олон улсын байгууллагын Суурин төлөөлөгчийн газрууд тухайн улсынхаа үндэсний хоол, бүтээгдэхүүнээр үйлчилж, мэндчилгээ дэвшүүлэх зэрэг арга хэмжээ зохион байгуулагдана.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн