Энэ сарын 4-ний шөнө Saudi Aramco компанийн хоёр үйлдвэр нисгэгчгүй нисдэг аппарат буюу дроны халдлагад өртсөн билээ. Үүний улмаас газрын тосны олборлолт 50 хувиар буурсан байгаа. Лондон дахь Тив хоорондын хөрөнгийн бирж ICE-ийн арилжааны нээлт дээр ирэх арваннэгдүгээр сард нийлүүлэгдэх Брент маркийн газрын тосны хэлцлийн үнэ 13.86 хувиар өсч, нэг баррель нь 69.91 ам.долларт хүрчээ.
Брент маркийн газрын тосны үнэ хамгийн сүүлд 2019 оны тавдугаар сарын 22-нд нэг баррель нь 71 ам.долларт хүрч байжээ.
Саудын Арабын газрын тосны объектууд халдлагад өртсөн нь газрын тосны үнэ огцом өсөхөд нөлөөлсөн байна. Саудын Арабын эрх баригчид The Wall Street Journal сэтгүүлд газрын тосны Saudi Aramco компани өнөө (2019.09.16) орой гэхэд газрын тосны олборлолтоо гуравны нэг хүртэл хэмжээнд сэргээнэ гэж мэдээлжээ.
Халдлагын улмаас тус компанийн газрын тосны олборлолт хоногт 5.7 сая баррелиар буурчээ. Саудын Арабын Эрчим хүчний сайд Абдел Азиз бен Салман энэхүү халдлагыг алан хядах ажиллагаа гэж нэрлэсэн юм. Харин халдлагын хариуцлагыг Йемений “Ансар Аллах” хөдөлгөөний босогчид хүлээгээд цаашид Саудын Арабын газрын тосны объектуудад цохилт өгнө гэж мэдэгдээд байна.
АНУ-ын зүгээс энэ халдлагад Ираны оролцоо бий гэж буруутгаж байгаа бол Ираны зүгээс үүнийг үгүйсгэсэн юм. 2014 оны наймдугаар сараас эхлэн Йемен улсад засгийн газрын хүчнийхэн, босогчдын хооронд мөргөлдөөн үүсээд байгаа бөгөөд 2015 оны гуравдугаар сард Саудын Араб тэргүүтэй эвсэл тус улсад нэвтэрснээс хойш нөхцөл байдал улам хурцдаад байгаа.
Йемений газрын нутгийн ихэнх хэсэгт хяналтаа тогтоогоод буй хүсит босогчдын эсрэг эхлүүлсэн “Шийдвэрлэх шуурга” хэмээх ажиллагаанд Бахрейн, Катар, Кувейт, Арабын Нэгдсэн Эмирт Улс нэгдэж, сүүлд нь Египет, Иордан, Марокко, Пакистан, Судан зэрэг улс дэмжиж буй юм.