Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан “Цэвэр агаартай-автомашингүй өдөр”-ийг өнөөдрөөс (2019.09.14) эхлэн хоёр өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
Өнөөдөр байгальд ээлтэй дэвшилтэт технологийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Хоёр өдөр үргэлжлэх тус үззэсгэлэн худалдааны үеэр иргэдэд гэр байшингаа дулаалах, халаалтын олон шийдлүүдийг танилцуулахаас гадна эрүүл мэндийн байгууллагууд иргэдэд зөвлөгөө өгч ажиллах аж.
Тус арга хэмжээнд төрийн болон нутгийн захиргааны байгууллагууд Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 50 гаруй аж ахуйн нэгж байгууллага, төрийн бус байгууллагууд оролцож байна.
Мөн“Цэвэр агаартай-автомашингүй өдөр”-ийн хүрээнд маргааш 5000 гаруй дугуйчдыг хамарсан “Цэвэр агаартай хот” унадаг дугуйн парад, “Цэвэр агаартай өдөр” шохойн зургийн уралдаан зэрэг олон арга хэмжээг зохион байгуулах юм.
Тодруулбал, энэ өдөр иргэд автомашинаа тавьж нийтийн тээврээр үйлчлүүлж, дугуйн парадад оролцох, явган алхах, гэр бүлээрээ спорт, урлаг соёлын олон арга хэмжээнд оролцох боломжтойг зохион байгуулагчдын зүгээс онцолж байна.
“Цэвэр агаартай-автомашингүй өдөр”-ийн хүрээнд хийж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал: “Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах чухал үе буюу сэрүүний улирал эхэлж байна.
Үүнтэй холбогдуулан “Цэвэр агаартай автомашингүй өдөр”-ийг Сүхбаатрын талбайд хоёр өдөр зохион байгуулан ажиллаж байна.
Энэхүү өдөрлөг хоёр хэсэгтэй явагдах юм. Эхний өдөр байгальд ээлтэй дэвшилтэт технологийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар болж байна.
Үзэсгэлэнд оролцсоноор иргэн аж ахуй нэгж байгууллагад дулаан, цахилгаанд холбогдох техникийн нөхцөл олгох, орон байраа дулаалах, ногоон зээлийн сангаас зээл авах, цахилгаан болон хийн халаагуур,сайжруулсан хатуу түлшний талаарх мэдээллийг авах боломжийг олгоно.
Мөн холбогдох төрийн байгууллагууд агаарын бохирдлын эсрэг хийж хэрэгжүүлж буй ажлуудаа иргэдэд танилцуулна. Тухайлбал, энэ жил 40000 гаруй иргэнийг 4 квт-ийн цахилгаан ашиглах боломжоор хангаж өгсөн цахилгааны дэд бүтцийн өргөтгөлийг хийсэн байгаа. Эндээс аль хороодын иргэд цахилгаан ашиглаж, халаалтаа авах боломжтой талаархи танилцуулгыг авах боломжтой.
Түүнчлэн НЗДТГ-аас 500 гаруй бага орлоготой буюу зорилтот бүлгийн өрхийг хөнгөлөлттэй гэр, байшингийн дулаалгад хамруулах ажлыг хийнэ.
МУ-ын Засгийн газрын 62 дгаар тогтоолыг хэрэгжүүлэх хамгийн чухал ажил болох Таван түлш компанийн сайжруулсан түлшийг хэрэглэж эхлэхтэй холбогдуулан Таван толгой түлш компаниас сайжруулсан түлшийг хэрхэн хэрэглэх талаархи зөвлөмжийг өгөх юм.
Харин маргааш эко автомашины ач холбогдлыг таниулсан үзэсгэлэн, нийслэлийн агаарын бохирдлын 20 хувийн эх үүсвэр болж буй автомашины утаа хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа талаар холбогдох эрүүл мэндийн байгууллагуудаас мэдээлэл зөвлөгөө өгч ажиллана.
Мөн залуус цэвэр агаартай автомашингүй өдрөөр дугуйн парад, плашмоб зэрэг урлаг спортын арга хэмжээн нэгдэх боломжтой байгаа.
Намрын дулаан өдрүүд үргэлжилж байгаа энэ үед иргэд маань гэр байшингаа дулаалж, халаалтынхаа шийдлийг өөрчлөх, яндангаа буулгах зэргээр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ажиллах шаардлагатай байна” гэв.
Мөн тэрбээр нээлттэй өдөрлөг нэг дороос хүссэн үйлчилгээгээ авах боломжтой гэдгийг онцоллоо.