Авлигатай тэмцэх газраас энэ сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржхандыг АТГ-аас саатуулж, хорих 461-р ангид хорьсон. Шүүгчийн захирамжид хорих хугацааг 48 цаг хэмээн заасан бол энэ хугацааг сунган үргэлжлүүлэн хорихоор болжээ. Түүнийг авто замын компаниудын дунд тендер зарлахдаа бусдад давуу эрх олгож авлига авсан байж болзошгүй үндэслэлээр шалгаж буй аж.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Нийслэлийн Прокурорын газраас Д.Доржхандыг “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах” санал ирснийг хэвээр баталжээ.
Мөн энэ сарын 9-нд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ын дарга Ч.Алтанхуягийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн хойшлуулашгүй ажиллагаа явуулж, түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт холбогдуулан цагдан хорьсон. Харин Ч.Алтанхуяг, н.Баярхүү нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг “үндэслэл бүхий баримт тогтоогдохгүй байна” гэж үзэн хэрэгсэхгүй болгож сулласан байна. Гэхдээ тэдэнд Монгол Улсын хилээр гарахгүй байх хязгаарлалт тогтоож, тодорхой хүмүүстэй уулзахгүй байх таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.