УИХ-ын өнөөдрийн ээлжит бус чуулганаар “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газарт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай асуудлыг хэлэлцэхээр товложээ.
2019 оны гуравдугаар сарын 6-нд “Эрдэнэт” үйлдвэрт ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өөрийн биеэр очиж, Засгийн газрын 91 дүгээр тогтоол гарч,”Эрдэнэт” үйлдвэрт гарсан маргаантай асуудалтай холбогдуулан зургаан сарын хугацаанд онцгой дэглэм тогтоохоор болсныг танилцуулсан билээ. Мөн компанийн бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, бүх шатны албан тушаалтнуудыг өөрчлөх эрхийг үйлдвэрийн захиралд өгсний дагуу “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлын тушаал гарч, дараахь албан тушаалтнуудыг чөлөөлсөн юм. Үүнд:
- Тэргүүн дэд захирал
- Эдийн засгийн асуудал хариуцсан орлогч
- Хөгжлийн бодлогын газрын дарга
- Хуулийн хэлтсийн дарга
- Хуулийн хэлтсийн даргын орлогч
- Ерөнхий нягтлан буюу санхүүгийн хэлтсийн дарга
- Хүний нөөцийн албаны дарга гэсэн албан тушаалтнуудыг чөлөөлсөн. Чөлөөлөгдсөн албан тушаалтнуудын өрөөнүүд битүүмжлэгдсэн байгаа.
Онцгой дэглэмийн асуудлыг эхлээд Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх ба чуулганы хуралдаан 12:00 цагт эхэлж, дээрх асуудлуудыг хэлэлцэнэ. Мөн чуулганаар өнөөдөр “Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” тогтоолын төслийг хэлэлцэнэ.