Манай иргэд гадаадад зорчихдоо малын гаралтай бүтээгдэхүүн, тэр дундаа мах, махан бүтээгдэхүүн, хиам, борц зэрэг хүнсийг очоод хэрэглэх, хүний дайвар байдлаар, мөн найз нөхдөдөө бэлэг болгож, амсуулах зорилгоор авч явах нь түгээмэл байдаг.
Монголчууд хамгийн их зорчдог томоохон орнуудад малын гаралтай бүтээгдэхүүн, ялангуяа бүх төрлийн мах, махан бүтээгдэхүүн хууль бусаар хилээр нэвтрүүлэх гэж оролдсон тохиолдолд өндөр торгууль тавих, цаашлаад баривчлах хүртэл хариуцлага ногдуулах болжээ.
Африкийн гахайн мялзан, шүлхий өвчин, шувууны томуугийн вируст өвчин зэрэг мал амьтны гаралтай халдварт өвчний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор түүхий мах, хиам, хатаасан мах зэрэг бүтээгдэхүүнийг хилээр оруулахыг хориглоод байна. Хэрэв энэ төрлийн мэдүүлэгт тэмдэглэлгүй оруулсан тохиолдолд эхний удаад нэг сая, хоёр дахь удаад гурван сая, гурав дахь удаад таван сая воны торгууль тавьж байгаа аж.
Зарим иргэн гар аргаар бэлтгэсэн мах бус үйлдвэрийн сав баглаа боодолтой, лаазалсан мах, махан бүтээгдэхүүнийг хилээр оруулж болно хэмээн эндүүрдэг.
Ер нь энэ төрлийн бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх бол Хилийн мэргэжлийн хяналтын газраас зөвшөөрөл авах ёстой. Ийм тусгай бичиггүй бол тус улсын хуулиар хориглосон бүх бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэх нь хууль бус аж.
Япон улсын тухайд мах, махан бүтээгдэхүүн хууль бусаар нэвтрүүлсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлага илүү чанга байгаа аж. Тодруулбал, энэ жилээс зорчигчийн тээшнээс импортын мэдүүлэггүй махан болон малын гаралтай бүтээгдэхүүн илэрсэн тохиолдолд гурав хүртэлх жилийн ял, нэг сая иен хүртэл мөнгөн торгуулиар торгохоор болжээ.
АНУ-ын хувьд мөн л гарал үүсэл нь тодорхойгүй мах, махан бүтээгдэхүүн нэвтрүүлэхийг хориглодог. Үүнд махны орцтой үйлдвэрийн аргаар бэлтгэсэн бульон хүртэл багтахыг анхаарах хэрэгтэй.