Улсын хэмжээнд 2019 оны эхний найман сард 51.5 мянган эх амаржиж, 51.9 мянган хүүхэд төрүүлснийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад амаржсан эх 180 (0.4хувь)-аар, амьд төрсөн хүүхэд 250 (0.5хувь)-аар нэмэгдсэн үзүүлэлт аж.
Харин өнгөрсөн сартай нь харьцуулахад наймдугаар сард амаржсан эхийн тоо 296-аар буурч 6,580, амьд төрсөн хүүхэд 327-оор буурч, 6620 болсон байна.
Эрүүл мэндийн яамны цахим бүртгэлийн дагуу улсын хэмжээнд энэ оны наймдугаар сард 6,493 хүүхдэд регистрийн дугаар олгожээ. Нийт төрсөн хүүхдийн 3367 нь эрэгтэй, 3126 нь эмэгтэй, 165 нь ихэр байсан бөгөөд хүүхдийн дундаж жин 3,374 грамм, дундаж өндөр 51 см байна.
Улсын хэмжээнд нялхсын эндэгдэл 2019 оны эхний найман сард 681 болж, өмнөх оны мөн үеэс 11 (1.6хувь)-ээр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 820 болж, өмнөх оны мөн үеэс 50 (5.7хувь)-аар буурсан байна. Харин зөвхөн наймдугаар сарын тухайд нялхсын эндэгдэл 82 болж, өмнөх сараас 4 (5.1хувь)-өөр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 100 болж, 12 (13.6хувь)-оор тус тус нэмэгджээ. 1000 амьд төрөлтөд ногдох хувиараа ч наймдугаар сард нялхсын эндэгдэл өссөн байна