УИХ-ын чуулганы өнөөдөр /2019.09.12/-ийн хуралдаан дөнгөж сая эхэллээ. Хуралдаанаар олон улсын банк, байгууллага, засгийн газрын зээл, тусламж бүхий зээлийн хэлэлцээрүүдийг хэлэлцлээ.
Тухайлбал, Азийн хөгжлийн банкны зээлийн хэлэлцээр, Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төсөл, Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг зөвшилцөх, “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн хоёр дахь шатны Хөгжлийн бодлогын санхүүжилтын хүрээнд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах Санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах Зээлийн гэрээний төслийг зөвшилцөх зэрэг асуудлыг хэлэлцэж байна.
Үдээс өмнө гурван байнгын хороо хуралдаанаар дээрх хэлэлцээрүүдийг хэлэлцсэн юм. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Бат-эрдэнэ Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр” соёрхон батлах тухай хуулийн төслийн талаарх байнгын хорооны санал дүгнэлтийг танилцууллаа.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.