Үндэсний статистикийн хорооноос 2019 оны эхний найман сарын байдлаарх Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг танилцууллаа.
Улаанбаатар хотод 2019 оны наймдугаар сард ХДХВ/ ДОХ-ын гурван тохиолдол шинээр илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 280 болжээ. Харин халдварт өвчнөөр өвчлөгчид 2019 оны найман сард 29.2 мянга болж, өмнөх оны мөн үеэс 930 нэмэгдсэн байна. Үүнд, салхи цэцгээр өвчлөгчид 2397 /46.3 хувиар/ мөөгөнцрөөр өвчлөгчид 58 /5.8 хувиар/, сүрьеэгээр өвчлөгчид 58 /2.3 хувиар/ гонококкт халдвараар өвчлөгчид 34 /0.9 хувиар/ өссөн нь голчлон нөлөөлжээ.
ХУДАЛДАН АВАХ ЧАДВАРЫГ ИЛЭРХИЙЛЭХ БОДИТ ЦАЛИН 58.8 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ
Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар дундаж цалин 1 сая 161 мянга 178 төгрөг болсон байна. Судалгаанд хамрагдсан иргэдийн 10 хувь нь 320 мянган төгрөг хүртэл цалинтай байгаа бол 320 -500 мянган төгрөгийн цалинтай иргэд 13.2 хувийг эзэлж байна. Харин 500-900 мянган төгрөгийн цалинтай иргэн 30.9 хувь, 900 мянгаас 1 сая 300 мянган төгрөгийн цалинтай иргэн 22 хувь, 1.3-1.5 сая төгрөгийн цалинтай иргэд 6.2 хувь, 1.5 саяаас дээш цалинтай иргэд 17.7 хувьтай гарчээ.
Ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин 2019 оны хоёрдугаар улиралд 2010 оны дөрөвдүгээр улирлаас гурав дахин нэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 58.8 хувиар нэмэгджээ. Судалгаанд нийт 41.9 мянган ААН, байгууллагын 675.9 мянган ажиллагчдын цалингийн үзүүлэлтийг хамруулсан байна.
ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 8.9 ХУВИАР ӨСЧЭЭ
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2019 оны наймдугаар сард улсын хэмжээнд өмнөх сараас 0.3 хувь, өмнөх оны эцсээс 5.4 хувь, өмнөх оны мөн үеэс 8.9 хувиар өсчээ. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2019 оны наймдугаар сард өмнөх оны мөн үеэр 8.9 хувиар өсөхөд:
- хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 13.3 хувь
- согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ 4.2 хувь
- хувцас бөс бараа, гуталны бүлгийн үнэ 9.3 хувь
- тээврийн үнэ 3.4
- орон сууц, ус, цахилгаан хийх болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 12.1 хувь
- эм, тариа эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 6.5 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
АГААР БОЛОН ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ОРЛОГО ӨСЧЭЭ
Агаарын тээврийн орлого 319.7 тэрбум төгрөг болж, 4.4 хувиар өслөө. Агаарын тээврээр хоёр мянган тонн ачаа тээвэрлэн 1.9 хувиар буурсан бол 771 мянган зорчигч үйлчлүүлж, орлого нь 21.6 хувиар өсчээ.
Төмөр замын тээврийн орлого 464.4 тэрбум төгрөг болж, 17.3 хувиар өслөө. Ачаа тээвэр 18 сая тоннд хүрч, 9.2 хувиар өссөн бол 1.9 сая зорчигч төмөр замын тээврээр үйлчүүлж 6.9 хувиар өслөө.
АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН БОРЛУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХОЁР ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР ӨСЛӨӨ
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2019 оны эхний найман сард урьдчилсан гүйцэтгэлээр 11.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.5 /15.5 хувь/ тэрбум төгрөгөөр өсчээ. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 1.2 их наяд төгрөгөөр өслөө. Үүнд, нүүрс олборлолт 1.2 тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 60 тэрбум төгрөгөөр өссөн нь голчлон нөлөөлөв.
Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2019 оны эхний найман сард урьдчилсан гүйцэтгэлээр 13.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс хоёр их наяд төгрөгөө өслөө. Нийт борлуулсан бүтээгдэхүүний 9.5 их наяд төгрөг буюу 70.4 хувийг гадаад зах зээлд борлуулжээ