-Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төслийг батлав-
УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баталж, ард нийтийн санал асуулга явуулахаар шийдвэрлэлээ. Чуулганаар Ард нийтийн санал асуулгад оруулах Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баталъя гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 60 гишүүний 58 нь дэмжсэн юм. Мөн Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 59 нь буюу 98.3 хувь нь дэмжсэнээр чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баталсан уг хуралдааны үеэр УИХ-ын гишүүд найруулгын чанартай хэд, хэдэн асуудалд байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гуравдугаар зүйлийн 1 дэх заалтын 6.2-д “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд оногдож байх эрхзүйн үндсийг хуулиар тогтооно гэсэн томьёолол орж ирж байна. Үр өгөөж гэдэг асуудлыг органик хуулиараа сайн зааж өгөөрэй. Дийлэнх нь гэдэг үгийн цаана гаднын хөрөнгө оруулагчдыг үргээх агуулга орчих вий” хэмээв.
Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт “Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтийн амин чухал заалт нь байгалийн баялгийн үр өгөөжийг ард түмэн хүртэхтэй холбоотой заалт байгаа. Энд байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны төрийн бодлогод тулгуурласан одоо ба ирээдүй үеийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг үндэсний баялгийн санд төвлөрүүлж, иргэн бүрд тэгш шударга хүртээхэд чиглэнэ. Иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялаг ашигласнаар байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй гэж заасан. Үр өгөөж гэдэгт татвар, төлбөр, хураамж, ашиг багтана. Ашгийн 50-аас дээш хувь гэдгээр ойлгогдохгүй. Цаашид органик хууль батлахдаа үүнийг тусгах ёстой. Дийлэнх нь гэдэгт 50+1-ээс дээш гэсэн утгаар ойлгож органик хуульд авч явна” хэмээн тайлбарлав.
СТРАТЕГИЙН ОРДЫГ ТОМООХОН ХЭМЖЭЭНИЙ ЭРДСИЙН НӨӨЦ ГЭЖ ОРЧУУЛЪЯ
Ард нийтийн санал асуулгаар оруулах Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн А.Сүхбат Үндсэн хуульд орж буй гадаад үг болох стратеги гэдэг үгийг монголчлох санал гаргасан. Тэрбээр “Уул уурхайтай холбоотой асуудал дажин боллоо. Тиймээс Үндсэн хуульдаа энэ зүйл заалтыг оруулах ёстой. Стратегийн гэдэг ойлголтыг нэг утгаар ойлгох ёстой. Цэрэг армийн хөдөлгөөн, чиглэлийн удирдлага гэсэн утгатай грек үг. Тиймээс гадаад үгийг Үндсэн хуульдаа оруулж явах нь хэцүү. Томоохон хэмжээний эрдсийн нөөц орд гэсэн монгол үгээр орлуулж болж байна. Томоохон ордын ашиглахдаа Монголын ард түмнийг гэрээндээ оруулах уу. Ноён уулаар жишээлэхэд эцэг өвгөдийнхөө булш бунхныг ухдаг улс орон гэж байх уу” хэмээхэд байнгын хорооны дарга С.Бямбацогт “Байгалийн баялагт самар, жимс ороод явчих учраас бид газрын хэвлийн баялаг гэж зориуд оруулсан. Стратеги гэдэг үг нь алсын хараа, хэтийн бодлого гэдэг агуулгаар ойлгогддог. Бид алсын хараа, бодлого гэдэг агуулгаар ойлгоод сурсан. Ингэж ойлгоорой” хэмээн хариу тайлбар хийлээ.
ЕРӨНХИЙЛӨГЧ ХОНГИЛЫН ЭЗЭН ХЭВЭЭР БАЙХ БОЛНО
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир дээрх үгийг протоколд тэмдэглүүлсэн. “Үндсэн хуулийн гол шинэчлэл нь шүүх засаглалын хараат бус байдлыг хангах байсан. Бид шүүх засаглал нэг хүний буюу Ерөнхийлөгчийн хараат болсныг хэлдэг. Ингээд Үндсэн хуулийн төсөл дээрээ Ерөнхийлөгч бүх шатны шүүгчийг батламжилдаг байхаар оруулсан ч унагасан. Ерөнхийлөгч томилдог болгосон.
Ингэснээр дараа дараагийн Ерөнхийлөгч нар хонгилын түлхүүрийг атгах боломж олгосон үйлдэл болсон. Энэ бол агуу том хуйвалдаан. Өнөөдрөөс эхлээд бид шинэ хонгилын түүхийг бичиж, үйл ажиллагааг нь баталгаажуулах зүйл хийж байна. Үүнийг цаашид анхаарч ажиллая. Органик хуулиараа зохицуулах боломжийг эрэлхийлье. Ерөнхийлөгчийн томилсон шүүгчийг хугацаатай болгох гэсэн нь унасан. Шүүгчээр батлахаас татгалзахаа тайлбарладаг болгох гэтэл бас унагасан. Цаашдаа 30 жил Ерөнхийлөгч нар хүссэн ч, хүсээгүй ч хонгилын эзэн байх болчихлоо. 51.2 гэдэг заалтыг аль болох зөв болгохын төлөө би явах болно. Үндсэн хуулийн өөрчлөлт батлагдахаас өмнө үүнийг зохицуулах боломжийг УИХ-ын гишүүд минь хамтдаа оролдмоор байна” хэмээсэн юм.