Замын түгжрэлийн бууруулах үүднээс замын нэгдүгээр эгнээнд тавьсан автомашиныг ачиж, журамлах ажил олон жил дамжин үргэлжилж байна.
Өнөөдрийн байдлаар төрийн өмчит нэг, хувийн 13 ачилтын компани зориулалтын чирэгч автомашин ашиглан, тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх ажил хийж буй. Тэд өөр өөрсдийн гэсэн журмын хашаатай. Нэг хашаанд өдөрт дунджаар 20-30 тээврийн хэрэгсэл “морилдог” бол 14 ачилтын компани өдөрт 100-150 машин журамладаг аж.
Дээрх харилцааг 2015 онд батлагдсан “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журам”-аар зохицуулж эхэлсэн. Харамсалтай нь, иргэдийн зүгээс автомашин байрлуулахыг хориглоно гэсэн тэмдэг тэмдэглэгээгүй газарт байршуулсан хэдээ ч ачилтын компаниуд тухайн эзэнд нь утасдаж мэдэгддэгүй, эзэн нь гарч ирэхэд чирээд зугтдаг, цагдаагийн шийдвэр, албан бичгээ үзүүлдэггүй хэмээх гомдол өнөөдрийг хүртэл гарсаар байгаа юм. Иймээс дээрх журамд 2019 оны зургадугаар сарын 7-ны өдөр шинэчлэн баталжээ.
Ингэхдээ жолоочид мэдэгдэхгүйгээр шууд ачдаг байсныг болиулж, гурван удаа чанга яригчаар тухайн машины улсын дугаарыг дуудах шинэ заалт нэмэгдэж орсон байна. Хэрэв энэ хугацаанд амжиж гарч ирвэл жолоочийг торголгүй өнгөрөх аж. Хэрвээ жолооч нь гарч ирэхгүй бол машиныг нь журамлах юм.