Дональд Трампыг 2017 онд Ерөнхийлөгч болсны дараа АНУ-ын Тагнуулын байгууллага Оросын Засгийн газарт ажиллаж байсан дээд түвшний мэдээлэгчээ татаж авсан гэж CNN агентлаг мэдээлжээ. Нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалжуудаас авсан гэж тодорхойлсон тус мэдээнд Тагнуулын алба энэ шийдвэрийг гаргахдаа шинэ Ерөнхийлөгч Дональд Трампыг нууц мэдээлэл алдаж мэдэх эрсдэлтэй хүн гэж үзсэн талаар дурджээ.
Мөн Д.Трамп Ерөнхийлөгч болсныхоо дараа Холбооны Мөрдөх Товчооны дарга Жэймс Комиг ажлаас халж, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой Цагаан ордонд уулзахдаа Сири дэх Исламын Улс бүлэглэлтэй холбоотой нууц мэдээг задалсан нь АНУ-ын Тагнуулынхныг яаралтай урьдчилсан сэргийлэх арга хэмжээ авахад хүргэсэн гэжээ.
СNN-ны мэдээний эх сурвалжууд Д.Трампыг 2017 оны долдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай ганцаарчлан уулзахад Тагнуулын албаныхныг нэлээд айсан тухай ч өгүүлсэн байна. Тиймээс АНУ Москва дахь мэдээлэгчээ татахын өмнө Дональд Трамп болон цөөн тооны дээд албан тушаалтнуудад дуулгаж байжээ.
ОХУ-ын нууц алба гадаад оронд амьдардаг өрнөдийн тагнуулын албадтай хамтран ажилладаг хүмүүсийг авлахдаа сайн гэдгээрээ алдартай. 2006 онд Александр Литвиненког Лондонд полониумаар хордуулсан бол 2018 онд Сергей Скрипалийг новичокоор хордуулсан хэргийг энд дурдаж болно.
АНУ-ын Тагнуулын алба Вашингтоны талд ажиллаж байсан Александр Потеевыг 2010 онд буцааж татсан бөгөөд одоо АНУ-д нууцлаг амьдарч байгаа гэдэг. Тиймээс АНУ 2017 онд буцааж татсан мэдээлэгчийн хэн болох, одоо хаана байгааг дээд зэргээр нууцалж байгаа аж.
Тагнуулын Төв Газарт ажиллаж байсан Жон Сайфер энэ мэдээ тарсны дараа “Чухал мэдээлэлд ойр эх сурвалжийг олж, өөртөө элсүүлэх маш хэцүү ажил. Дээд албан тушаалын мэдээлэгчтэй болох нь мянгад ганц тохиох ховор боломж. Түүнийг аюулгүй байлгах нь тун хүнд ажил. Хэрвээ алдвал маш том асуудал” гэж твиттер хуудсандаа бичжээ.
Өчигдөр Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Стефани Гришэм CNN-ийг бусдын амь насыг эрсдэлд оруулах аюултай, худал мэдээ цацсан хэмээн буруутгасан байна. Мөн энэ мэдээлэл цацагдсаны дараа Дональд Трамп твиттер хуудсандаа CNN сувгийг АНУ-д аюул учруулагч байгууллага хэмээн шүүмжилжээ.
Эх сурвалж: The Guardian