УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2019.09.09/-ийн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг Ард нийтийн санал асуулга асуух тогтоолын төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын нэр бүхий 62 гишүүн Үндсэн хуулийн 53 заалтад өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьсан.
Монгол Улсын Үндсэн хуулийн 68.2 дахь хэсэг, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль 17.1, 17.4, Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийн 4.4.2, 7.7.5, 8.3, 18.18, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль зэрэг хуулийг үндэслэн 2019 оны аравдугаар сард улс орон даяар зохион байгуулах, санал авах ажиллагааг явуулна гэж тогтоолын төсөлд тусгажээ. Ард нийтийн санал асуулгыг зохион байгуулахад 29 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан аж.
Төслийн эхийг иргэдэд тайлбарлан таниулах, мэдээллээр хангах ажлыг бүх шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар, МҮОНРТ хариуцах, мөн төслийн эхийг нийтэд хэвлэн түгээх, тайлбарлан таниулах ажлыг УИХ, Засгийн газраас хариуцаж ажиллахаар болж байгаа. Үүнтэй холбоотойгоор тодорхой тооцогдоогүй зардлууд нэмэгдээд 30 орчим тэрбум төгрөг шаардлагатай байгаа юм байна.
Харин Засгийн газрын нөөц сантай холбоотойгоор хөрөнгө гаргах бололцоо байхгүй, мөн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт зөрчих асуудал үүсэхээр байгаа тухай ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хуралдааны үеэр дараах тайлбарыг өглөө. Тэрээр:
-Нөөцөөс санхүүжүүлэхэд нэгдүгээрт, хөрөнгийн хувьд энэ дүн гарах ямар ч боломжгүй байгаа. Жилийн төгсгөлд орчихсон, үндсэндээ Засгийн газрын нөөцөд мөнгө байхгүй. Хоёрдугаарт, ҮХЦ-ийн 2019 оны тавдугаар сарын 27-ны өдрийн дүгнэлт дээр сонгууль болон сонгуультай төстэй бусад зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргаж санхүүжүүлэхийг Засгийн газарт даалгах нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг зөрчиж байна гэж үзсэн. Тийм учраас найруулгын хувьд ч юм уу өөрчилж, санхүүгийн эх үүсвэрийг ерөнхийд нь даалгаад цаашдаа яаж шийдэх вэ гэдгээ ярилцах нөхцөл байдал үүсэх байх. Зардал нэмэгдүүлэх тодотгол хийхийг хуулиар хориглосон. Тиймээс найруулгын хувьд өөрөөр томъёолохгүй бол ҮХЦ-ийн дүгнэлт зөрчиж байна.
Дөрөв дэх заалтын хувьд, өмнө нь ҮХ-ийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэвлэн нийтлэх, эхийг нийтэд тайлбарлан таниулах тогтоолтой холбоотой ийм харилцаа үүсч байгаагүй учраас сонгуультай адилтгаж үзэхээс өөр гарцгүй байна гэлээ.
Энэ асуудалд тайлбар өгч УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны Ахлах зөвлөх н.Бямбадулам “УИХ-ын 42-р тойргийн нөхөн сонгуультай холбоотой гарсан ҮХЦ-ийн II дүгнэлт нь 2018 оны наймдугаар сарын 22-ны өдөр гарсан зэргээс үзэхэд нөхөн сонгуулийг 2019 онд зохион байгуулах нь тодорхой байсан юм. Үүнээс үзэхэд, УИХ-ын 2019 оны 23-р тогтоолын хоёр дахь заалтад үүнийг урьдчилан харах нөхцөлгүй байсан гэдэг үндэслэлээр Засгийн газрын нөөц сангаас гаргасан нь ҮХ зөрчсөн гэдэг дүгнэлтийг гаргасан. Ард нийтийн санал асуулгын хувьд бол Засгийн газрын тусгай сангийн наймдугаар зүйлд заасан 8.3-т “Тухайн жилийн төсөвт урьдчилан төлөвлөж тусгах боломжгүй арга хэмжээ” гэдэг ангилалд нь хамаарч байгаа юм. Тодруулбал, төсвийн жилийн явцад шинээр батлагдсан хууль, тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэхэд шаардагдах нэмэлт зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана гэж заасан байгаа” гэсэн юм.
Харин ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ үргэлжлүүлэн “Нөөцийг байгалийн гамшиг, давтагдашгүй хүчин зүйлтэй холбоотой зардалд гаргах хуультай. Тодорхой хэмжээний зардал батлагддаг. Үүнийг Засгийн газрын тогтоолоор санхүүжүүлдэг. Өнөөдрийн байдлаар Засгийн газрын нөөц хөрөнгийн үлдэгдэл энэ мөнгөнд хүрэхгүй. Нийт батлагдсан зардал нь ч энэ мөнгөнөөс доогуур байдаг. Тэгэхээр Засгийн газрын хувьд хуулийн болон бодит хөрөнгийн эх үүсвэрийн асуудал үүснэ” гэв.
Ингээд хуралдаан даргалагч УИХ-ын гишүүн Бямбацогт Ард нийтийн санал асуулга гэдэг нь төсвийн жилийн явцад шинээр батлагдсан хууль тогтоомж буюу УИХ-ын тогтоол юм гэлээ. Ийнхүү энэ асуудал асуултын тэмдэгтэй үлдлээ.