Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2019 оны есдүгээр сарын 01-ноос 06-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.
С.Амарсайхан: Бид ямар ч үед хүүхэд багачуудынхаа ирээдүйд зориулах хөрөнгө оруулалтаас гар татах учиргүй
Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Нийслэлийн Ерөнхий боловсролын 72 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан оролцож, 2019-2020 оны хичээлийн шинэ жилийг багш сурагчид болон эцэг эхчүүдийн хамт угтлаа. Хичээлийн шинэ жилийн нээлтийн өмнө Хотын Захирагч Хайлаастын эцсээс нийслэлийн ЗДТГ-ын явуулын ажлын байрны автобусаар 72 дугаар сургуулийн сурагч хүүхдүүдтэй хамт хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээнд оролцохоор сургууль дээр нь хүрэлцэн ирэв. Энэ үеэр Хотын захирагч сурагч хүүхдүүдтэй нээлттэй ярилцан, санал сэтгэгдлийг сонслоо. Сурагч хүүхдүүдийн зүгээс алслагдсан хорооны гудамж талбайд гэрэлтүүлэг тавих, сургуулийн автобустай болох зэрэг саналуудыг хэлснийг Хотын Захирагч судалж үзэн боломжтой хэлбэрээр шийднэ гэдгээ илэрхийлэв.
БНХАУ, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан үзэсгэлэн нээлтээ хийлээ
БНХАУ болон Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, уламжлалт найрсаг харилцааг ахиулах зорилгоор Монгол улсын БСШУСЯ, НЗДТГ, БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яам, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын засгийн газар, Хятадын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба хамтран “Хятад орныг танин мэдэхүй” соёлын цуврал арга хэмжээг есдүгээр сарын 2-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байна. Энэхүү цуврал арга хэмжээний нээлт Монголын уран зургийн галерейд боллоо.
Парис хотын нэрэмжит гудамжтай болох саналыг НИТХ-д өргөн барилаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнгөрсөн зургадугаар сард Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзах үеэр НИТХ-аас Франц улсын хотын захиргаанд захидал илгээж, Парис хотын нэрэмжит гудамж талбай байгуулах асуудлаар зөвшөөрөл хүссэн тухай талууд хэлэлцсэн билээ. Парис хотын Захирагч энэхүү саналыг зөвшөөрч байгаагаа илэрхийлээд Францын онцлог хэв шинж, өнгө төрхийг илэрхийлсэн гудамж талбай байгуулахыг онцолсон талаар Элчин сайд Филипп Мэрлин хотын Захирагчид уламжилсан. Тэгвэл нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөөнөөс урагш Сэлбэ голын баруун талаар Нарны зам хүртэлх 1235 метр урттай гудамжийг Парис хотын нэрэмжит гудамж болгох саналаа Нийслэлийн ИТХ-д өргөн барилаа.
Барилгын компаниуд түрээслээд өмчлөх орон сууцны төсөл хэрэгжүүлж байна
Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан тэргүүтэй албаныхан Чингэлтэй дүүргийн 9,10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн 1000 орчимд “Бармон” ХХК-ийн хэрэгжүүлж буй 1-5 жилийн хугацаанд түрээслээд, өмчилж авах боломжтой орон сууцны төсөлтэй танилцлаа. Уулзалтанд “Бармон” ХХК-ны захирал НИТХ-ын төлөөлөгч Ш.Үнэнбат болон барилгын төлөөллүүд байлцав. “Бармон” ХХК Дэнжийн 1000 орчимд гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 234 айлын орон сууцыг 5 хүртэл жилийн хугацаатай хүүгүйгээр түрээслүүлээд өмчлүүлэхээр төлөвлөж байна. Дээрх төслийн хүрээнд 3358 өрхийн 43 блок орон сууцны барилга, 720 хүүхдийн ортой цэцэрлэг, 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгуудыг тус тус ашиглалтад оруулах юм.
Ж.Мөнх-Эрдэнэ: Газар хөдлөлтөд тэсвэргүй 354 барилга байгаагаас 234-ийг нь ашиглахыг хориглосон
Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилга болон барилгын паспортжуулалтын талаар нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Барилгын чанар, аюулгүй байдлын хэлтсийн дарга Ж.Мөнх-Эрдэнэ, Хот байгуулалт, хөгжлийн газрын Хот дахин хөгжүүлэх хэлтсийн газар зохион байгуулагч А.Золжаргал, Хот байгуулалт, хөгжлийн газрын Барилгын чанар, аюулгүй байдлын хэлтсийн мэргэжилтэн Б.Ардабек нар мэдээлэл хийлээ. Хот байгуулалт, хөгжлийн газрын Барилгын чанар, аюулгүй байдлын хэлтсийн дарга Ж.Мөнх-Эрдэнэ “Улаанбаатар хотод 2000 оноос өмнө баригдсан нийт 1937 барилга бий. Үүний 1413 нь орон сууц бол төрийн өмчийн болон олон нийтийн 524 барилга байна. Одоогийн байдлаар дээрх барилгуудын 658-д нь газар хөдлөлтийн эрсдэлийн дүгнэлт гаргасан. Өөрөөр хэлбэл, орон сууцнуудын хувьд газар хөдлөлтөд тэсвэртэй 182, хүчитгэх шаардлагатай 93, газар хөдлөлтөд тэсвэргүй 354 барилга байгаагаас мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтээр 234-ийг нь ашиглахыг хориглосон” гэв.
Сайжруулсан шахмал түлшний хангамжийн бааз, борлуулалтын цэгүүдээр явж үйл ажиллагаатай нь танилцлаа
Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал сайжруулсан шахмал түлшний хангамжийн бааз, борлуулалтын цэгүүд байгуулах, тээвэрлэх, түгээлт, борлуулалтын үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр ажиллалаа. “Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших сайжруулсан шахмал түлшний төвийн бүсийн хангамжийн бааз нь өнөөдрийн байдлаар 2300 тонн түлш нөөцөлсөн. Мөн саравчинд 25 кг савалсан түлшийг нөөцлөхөөр бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ бааз нь Халайст, Чингэлтэй, Долоон буудал орчмын айл өрхийг сайжруулсан шахмал түлшээр хангана” гэж Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал мэдээлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиныг угтан авлаа
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин манай улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хойд хөршийн Төрийн тэргүүнийг жанжин Сүхбаатарын талбайд угтан авлаа. Угтах ёслолд Ерөнхийлөгчийн Тамгийн газрын дарга З.Энхболд, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч Д.Дагвадорж, С.Гансүх, нарын төлөөлөгчид оролцов.
36.5 кг сэтгэцэд нөлөөлөх ургамал нийслэл хот руу нэвтрүүлэхээр завдсаныг илрүүллээ
Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн Ерөнхий газрын Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн алба хаагчидтай хамтран Автотээврийн шалган нэвтрүүлэх товчоо, хяналтын цэгүүдэд хяналт шалгалтыг 24 цагийн туршид тасралтгүй явуулж байна. Шалгалтын явцад 2019 оны 09 сарын 05-ны өдрийн 05 цаг 30 минутанд Гүнтийн давааны хяналтын цэгийн шалгалтаар иргэн Б.Н, Х.Д нар ….УБН улсын дугаартай Toyota Premio маркын суудлын автомашинаар 36,5 кг сэтгэцэд нөлөөлөх төрлийн ургамлыг орон нутгаас тээвэрлэж явсныг илрүүллээ.Тус иргэдийг саатуулж, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт хүлээлгэн өглөө.
Ж.Тогтохбаяр: Батлагдсан зураг төслийн дагуу гүүрэн гарцын ажил хийгдэж байна
Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын удирдлагууд болон зөвлөх компанийн төлөөлөл, хяналтын инженерүүд Замын цагдаагийн гүүрэн гарцын ажилтай танилцах явцдаа хэвлэлийнхэнд тайлбар мэдээлэл өглөө. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр “Олон улсад гүүр замын олон зураг гаргасан Хятадын төмөр замын тавдугаар товчоо компани гүүрэн гарцын зургийг хийсэн. Үүнийг манай холбогдох бүх газар хянасан. Зам тээврийн хөгжлийн яамны харьяа Барилга хөгжлийн төвийн экспертүүдийн баталсан зургаар хийгдэж байна. Энэ гүүрийг яагаад муруй, саруй хийж байна гэдэг яриа гарсан гэхээр хэсэг газраараа өргөн нь 28 м, зарим газраараа 18 м, заримаараа 25 м баригдаж байгаа. Өөрөөр хэлбэл A, B, C рамп гэсэн туслах гурван гүүр баригдаж байгаа. Анх удаа Монголд ийм гүүр барьж байна. Бусад баригдсан гүүрүүд бүгд шулуун гүүр. Яг ийм туслах гурван гүүр босч байгаа том бүтээн байгуулалт анх удаагийнх юм. Ийм гүүрэн гарцан дээр хэлбэлзэл, эргэлтийн радиус, тэгш налуу үүснэ. Гүүрийн ажил төлөвлөсөн зургийн дагуу явж байна. Үүнийг ташаа байдлаар ойлгож байгаа нь харамсалтай. Замын ажлыг холбогдох олон байгууллага хянаж явдаг. Яг батлагдсан зураг төслийн дагуу гүүрэн гарцын ажил хийгдэж байна. Ямар нэгэн алдаа байхгүй гэдгийг онцолж хэлье” хэмээв.
Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийж буй ажлын талаар танилцуулав
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан болж Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 16 квт/цаг-аас дээш хүчин чадалтай халаалтын зуухыг цахилгаан, дулаан хангамжаар халаах ажлын явцын тухай хэлэлцлээ. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр энэ ажлын хүрээнд халаалтын зуухны судалгааг эцэслэн гаргасан, нийслэлийн төвийн 6 дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа халаалтын зуухнуудад дүгнэлт гаргасан, зөрчил гаргасан халаалтын зуухны газрын үйл ажиллагааг зогсоосон, дамжин тээвэрлэлтийг зогсоосон, агаарын чанарын бүсэд мөрдөх журам баталсан зэрэг томоохон ажлуудынхаа талаар зөвлөлийн гишүүдэд товч танилцуулав. Хотын дарга хийж хэрэгжүүлж буй ажлуудыг өөрийн биеэр очиж шалгана гэдгээ хэлээд бүх шатны байгууллагууд энэ асуудалд хариуцлагатай хандахыг санууллаа.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс