Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан “Ой, ан, байгалийн ургамал түүж бэлтгэж байгаа байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын удирдлагаас өгсөн үүрэг даалгаварын дагуу авто тээвэр шалган бүртгэх товчоод, хяналтын цэгүүдэд тус газрын улсын байцаагчид, эргүүл хяналтын ажилтнууд байнгын хяналт шалгалт хийж байгаа аж.
Хяналт шалгалтын хүрээнд 2019 оны наймдугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Эмээлтийн авто тээвэр шалган бүртгэх товчоогоор иргэн Б.Э нь Соната 7 маркийн тээврийн хэрэгслээр 4 бодгаль загасны толгой бүхий бэлэг дурсгал, үзүүлэнгийн зориулалтаар модон дээр байршуулж, хатааж бэлтгэсэн эд зүйл тээвэрлэж явсныг илрүүллээ.
Тухайн 4 бодгаль загасны толгой бүхий эд зүйл нь холбогдох гарал үүслийн тодорхойлолтгүй байсан бөгөөд 2 бодгаль нь харагдах байдал, онцлог шинжээрээ Монгол Улсын ховор амьтны жагсаалтад орсон Тул загас байх магадлалтай байсан учраас Эрүүгийн хуулийн дагуу шалган шийдвэрлүүлэхээр харъяаллын дагуу Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанд шилжүүлж ажиллалаа. Хяналт шалгалттай холбогдуулан иргэдийг холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, байгалийн нөөц ашиглахтай холбоотой зохих зөвшөөрөл, гарал үүслийн тодорхойлолтыг авч хэвшихийг анхааруулж байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.