УИХ-ын гишүүн, АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Дөнгөж сая Ардчилсан намын зөвлөлөөс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлийн зөвшилцөл, хэлцлийн явцад Ардчилсан намын зарчмын байр суурийг илэрхийлсэн саналуудыг УИХ хүлээж авалгүй унагаасан.
Бид анх зарчмын байр суурийг илэрхийлэхдээ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь өөрөө ардчилсан нийгмийнхээ төлөв байдлыг төлөвшүүлэх, сүүлийн 27 жилийн хугацаанд гарч байгаа алдаан дээрээс сургамж авч, Үндсэн хуулиа засаж сайжруулах чиглэлээр зарчмын гурван байр суурийг илэрхийлсэн.
Гэтэл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох асуудал, нөгөөх нь сонгуулийн тогтолцооны тухай асуудал өчигдрийн хурлаар унасан учир Ардчилсан намын зөвлөл цаашид чуулганы хэлэлцүүлэгт оролцох боломжгүй гэдгээ илэрхийллээ.
Харин цаашдаа энэ хэлэлцүүлэг зөв явах эсэх нь бидний анхаарлын төвд байгаа. Мөн Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайд нь томилох асуудал зөвшилцлийн явцад бидний тавьсан байр суурьтай ижил байсан гэдгийг би онцолмоор байна. Ялангуяа давхар дээлтэй асуудалд бид анхны байр суурьтайгаа байна. Үүнийг Төрийн байгуулалтын байнгын хороо, ажлын хэсэгт илэрхийлсэн.
Бид бүгд парламентыг эрүүл байлгахын төлөө, Монгол Улсын хөгжлийн алхмыг хийхдээ 20-30 жилийн цаадахыг харах ёстой гэсэн байр сууриа өнөөдрийг хүртэл илэрхийлж ирсэн. Харамсалтай нь энэ дүр зураг одоо харагдахаа больсон байна. Тийм учраас Ардчилсан намын зөвлөл энэ хэлэлцүүлгээс гарч байна.
Одоо ганцхан асуудал үлдсэн нь ард түмэн энэ хуулийн буруу, зөвийг шүүх хэрэгтэй гэж үзэн дээрх тогтоолын төслийн өргөн барилаа” гэв.