Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулах журмын шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга”-ыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа.
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 86 дугаар тогтоолоор оршуулгын үйлчилгээтэй холбоотой хэд хэдэн журмыг нэгтгэж “Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулах журам”-ыг баталсан байдаг. Уг журмаар тулгамдсан асуудлыг шийдэхээр тусгасан боловч Хууль зүйн яамны мэдээллийн санд бүртгүүлээгүйгээс эрх зүйн чадамжгүй болсон, хариуцлагын тогтолцоо сул, журмын зарим заалт ерөнхий утга агуулгатай, журмыг дагаж мөрдөхгүйгээр шарил ил тавьж, зөвшөөрөлгүй газар оршуулга хийсэн иргэн, аж ахуйн нэгжийг хянах боломжгүй болсон, оршуулгын үйлчилгээ эрхэлдэг компаниудад тавигдах шаардлага байхгүй, шашны байгууллагууд талийгаачийн алтан савыг нээхдээ ихэнх тохиолдолд газарт оршуулах чиглэлийг хэлж байгаа нь газрын оршуулга нэмэгдсэн, сүүлийн жилүүдэд оршуулгын компаниуд нэмэгдэж, оршуулгын үйлчилгээг бизнес болох хандлага нэмэгдсэн зэрэг дутагдалтай талууд их байгаа юм.
2017 оны статистикаар Монгол улсын хэмжээнд 17482 иргэн нас барснаас нийслэлд 7605 иргэн нас барсан. Энэ нь Улсын хэмжээний нас баралтын 43.8 хувийг эзэлж байна. Нэг иргэнийг дунджаар 6 мкв талбайд оршуулдаг гэж үзвэл 2017 оршуулгын газар 3.5 га газраар тэлсэн байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт нийт 758.5 га талбайд оршуулгын газар байгаа бөгөөд үүнээс 524.5 га газар нь зөвшөөрөгдсөн, 176.5 га талбай нь албан ёсоор хаагдсан, 57.5 га талбайд зөвшөөрөлгүй оршуулга хийгдэж байна. Үүнээс гадна Төв аймгийн нутаг дэвсгэрт хотын баруун зүүн талд хоёр байршилд нийт 140 га талбайд оршуулгын газар ажиллаж байна.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас шинэчлэн боловсруулсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулах журмын төсөл” батлагдсанаар
Оршуулгын үйл ажиллагаа эрхлэх зохицуулалт энэхүү журмаар, газар эзэмших үйл ажиллагаа Газрын тухай хуульд зааснаар зохион байгуулагдна.
Оршуулгын үйлчилгээ эрхэлдэг болон шинээр хүсэлт илэрхийлсэн иргэн, хуулийн этгээд, хотын захиргааны хоорондох харилцаа, хүлээх эрх үүрэг, хариуцлага тодорхой болно.
Сүүлийн үед иргэдээс 70 давхар болон Нарангийн энгэр зэрэг хуучны оршуулгын газруудад оршуулсан талийгаачаа олохгүй байна, яг хаана оршуулсан талаар мэдээлэл архивд байдаг уу? Олж өгөх боломжтой юу? гэх зэргээр олон асуулт ирж байна. Иймд оршуулсан талийгаачийн шарил бүрийн газар зүйн координат, мэдээллийг оршуулгын үйлчилгээг эрхэлдэг компани бүр бүрдүүлж, иргэд талийгаачийн мэдээллийг авах боломжтой болно.
Зөвшөөрөлгүй газар оршуулга хийсэн бол тухайн талийгаачийн ар гэрийнхнээс зөвшөөрөл авахгүйгээр талийгаачийн шарилыг нүүлгэн шилжүүлэх, чандарлах арга хэмжээ авдаг болно.
Өрхийн дундаж орлого нь өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаагаар бага хэрэглээтэй өрх гэж тогтоогдсон нэн ядуу, ганц бие харах хандах хүнгүй, 0-14 насны 3-аас доошгүй хүүхэдтэй өрх толгойлсон эрэгтэй, эмэгтэй талийгаачийн оршуулгын үйлчилгээний зардлыг 50-аас доошгүй хувиар хөнгөлөх боломжтой болно.
Шарилын хөшөөний хэмжээг 50см х 80см–ээс ихгүй байхаар хязгаарласнаар байгалийн чулууны нөөцийг хэмнэх, оршуулгын үйлчилгээний үнэ тарифын хэлбэлзлийг багасаж, шарилын хөшөөний хэмжээ нэгэн жигд болон, ялгавартай байдлыг багасгана.
Оршуулгын үйл ажиллагаанд бизнес, орлого хөөсөн зөвшөөрөлгүй үйл ажиллагаа багасаж, байгальд ээлтэй чандарлах үйл ажиллагаанд чиглэсэн оршуулгын үйлчилгээнүүд нэмэгдэнэ. Мөн бурхан шашны байгууллагын хандлага өөрчлөгдөж, нийслэлийн эргэн тойрны зөвшөөрөлгүй оршуулгын газрын хэмжээ буурч, орон нутгийн хяналт, зохицуулалт тодорхой болж, тодорхой үр дүнд хүрнэ хэмээн төлөвлөсөн байна.
Тус журмын төсөлд зөвлөлийн гишүүдийн саналыг тусган нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хуралд өргөн барихаар болов.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс